Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг угтан МАН буюу эрх баригчид “Шинэ хоршоо хөдөлгөөн” ийг санаачлан, малчдад таван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор атлуулан хэрэгжүүлж буй ч эргэн төлөлт нь тун хангалтгүй байхад ирэх оны төсөвт дахиад 133.9 тэрбумыг суулгахаар оруулж ирсэнд гишүүд эхнээсээ эсэргүүцэл илэрхийлэх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны болон Улстөрийн зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурлын үеэр “Шинэ хоршоо-2” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тавьсан төсвийг зогсоохыг шаардав.
Тэрбээр “Өнгөрсөн жилийн сонгуулиар МАН-ынхан малчдын саналыг авахын тулд “Шинэ хоршоо” гэдэг үлгэрийг гэнэт зохиосон. Үүндээ зориулж 2024, 2025 оны улсын төсөвт нийт 844.5 тэрбум төгрөг суулган, энэ хэмжээний зээл олгосон. Тэгсэн хэрнээ эргэн төлөлт нь ердөө 58 тэрбум төгрөг байна. Гэтэл дахиад ирэх жилийн төсөвт 133.9 тэрбум төгрөг тавьчихаад оруулж ирлээ. Зээлийн үр ашиг, зарцуулалт нь ямар байгааг хянахгүй, хүүгийн төлбөрт баахан мөнгө давхар үрдэг. “Шинэ хоршоо” бол зах зээлийн жамаараа яваад болж байсан хоршооллын үндсэн зарчмыг алдагдуулсан. Сонгуулийн өмнө л гэхэд зөвхөн энэ ажлаар хөдөө орон нутагт явсан дарга нарын том машинуудын түлш, шатахууны зардалд таван тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Машин түрээсэнд дахиад хэдэн төгрөг зарцуулсан бэ. Энэ луйврын шийдвэрээсээ болж та нар нэг л өдөр “Нүүрсний сонсгол” шиг хуулийн байгууллагад дуудагдана шүү” хэмээн амыг нь асууж, хатуухан шүүмжилнэ лээ.
Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай шийдвэр гаргаж, улмаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан талаараа тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихэд сайрхан ярьж байв. “Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа” гээд л хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчилсан. Гэвч “Шинэ хоршоо хөдөлгөөн” хэмээх хуучин нэртэй, учир битүүлэг үйл ажиллагаатай энэ хөтөлбөрийн ард таван их наяд төгрөгийг “Малчдыг дэмжих зээл” нэрээр баруун, солгойгүй тараах санаачилга нуугдаж байсан гэлтэй.
ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ134 ТЭРБУМ ТӨГРӨГ СУУЛГАЖ, ЗЭЭЛДЭГЧДИЙН ХҮҮГИЙН ХӨНГӨЛӨЛТӨД 109 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА
Өнгөрсөн хугацаанд нийтдээ 844.5 тэрбум төгрөгийн зээлийг 25 мянга шахам малчинд олгожээ. 2024, 2025 онд ХХААХҮ-ийн сайдын багцаас нийт 115.8 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн хөнгөлөлтөд зарцуулсан байна. Ирэх оны төсөвт мөн л 109 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт салбарын сайдын багцад суулгаад явж байгааг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн. Учир нь 2026 оны улсын төсөвт “Шинэ хоршоо-2” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 133.9 тэрбум төгрөг суулгасны зэрэгцээ 500 тэрбумын арилжааны банкны эх үүсвэртэй зээл гаргахаар тусгаж. Тиймээс УИХ-ын гишүүн, Сонгогчдын саналыг худалдан авахтай тэмцэх тухай хуулийн төслийг санаачлагч Ж.Баярмаа үүнийг эсэргүүцэн “Төрийн хүч, нөөцийг урвуулан ашиглах буюу ASR гэдэг нэршил бүхий ойлголт улс төрд байдаг. “Шинэ хоршоо хөдөлгөөн” бол үүний тод жишээ. Эрх баригч нам татвар төлөгчдийн мөнгөөр малчид буюу сонгогчдын саналыг худалдаж авсан башир арга шүү дээ. Төсвийн мөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан энэ зохисгүй үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Яагаад улс хүүгийн татаас хүртэл нэмээд өгөөд байгаа юм. Улсаа ингэж хорлохын оронд малчдад үнэнээ хэлээд “Та нар минь яаж ийгээд авсан зээлээ л төлчих. Хүү нэмж авахгүй ээ” гээд ойлгуулаад, үүнийгээ болих хэрэгтэй. Гэтэл 2026 оны төсөвт дахиад 134 тэрбумыг суулгана гэдэг байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Нэг жил гаруйн хугацаанд хэрэгжиж, хүүгийн хөнгөлөлттэйгөө нийлээд бараг нэг их наяд шахам төгрөг хэдийн зарцуулчихаад буй эл төслийн хувьд үр өгөөж нь ямар байгаа, зээлээзориулалтын дагуу ашигласан эсэх, 25 мянга орчим малчнаас хэд нь үйлдвэрлэлтэй болж, малын түүхий эдээ боловсруулж байна вэ гэх мэт тодорхой мэдээлэл алга. Зээлийн эргэн төлөлт 10 хувьд ч хүрээгүй гэдгийг л багцаалдаж болох нь. Ниргэсэн хойно нь хашхирав гээч болж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хэрэгжилт, зээлийн зарцуулалтад дүн шинжилгээ хийх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн хавар, зунжин хөдөөгүүр баахан зардал чирэгдэл болж явсан. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай өнгөрсөн наймдугаар сард мэдээлэл өгөхдөө “Улсын хэмжээнд нийт 10 мянга гурай шинэ хоршоо байгуулагдаж, 100-гаад мянган малчин тус хөдөлгөөнд хамрагдсан байна. Эдгээрээс 7700 орчим хоршооны 24 мянга гаруй малчин зээл авсан бөгөөд олгогдсон зээлийн 70 гаруй хувь нь үржлийн мал худалдан авах зориулалтаар зарцуулагджээ. Гэсэн хэдий ч зээлийн зарцуулалт, ашиглалтад нарийвчилсан дүн шинжилгээ хийгдээгүй тул бодит үр дүнг үнэлэх боломжгүй байна. Иймд цаашид зээлийн зарцуулалтад хяналт тавих, үр ашигт суурилсан үнэлгээ хийх шаардлагатай” хэмээн онцолж байснаа мартаагүй гэж найдъя.
“ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ, ЭРГЭН ТӨЛӨЛТӨД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ”
Та биднийг анзаарч, төсөөлж, тооцоолж амжаа ч үгүй байхад таван их наяд төгрөг “Шинэ хоршоо” гэдэг мөнгөний машин руу гулсан орж байна. Жилийн зургаан нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлсээр. Өмнөх зээлийнх нь зарцуулалт, үр өгөөж тодорхойгүй байхад “Шинэ хоршоо-2” хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зүтгүүлж, ирэх оны төсөвт суулгаад байгаа нь өнгөрсөн хугацаанд тусгай сангаар дамжуулан гаргаж байсан зээлүүдийн алдааг дахин давтах вий гэдэг болгоомжлол эрхгүй төрүүлэв. Үе үеийн Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаар дамжуулан үйлдвэрлэгч нарт зориулан гаргасан ч мэдээлэлд ойр, улс төрчидтэй шадарладаг хүмүүс нь авч, зориулалтын бусаар ашигласнаар үйлдвэрлэл ч хөгжөөгүй, зээл ч эргэн төлөгдөлгүй дампуурсан, гэмтнүүд нь шүүх, цагдаагаар явсан жишээ баримт олон бий. “Ковид-19” цартахлынүеэр ч Засгийн газар “10 их наядын цогц хөтөлбөр” хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан тухай олон нийтэд тодорхой мэдээлэл өгч, тайлагналгүй хав дараад өнгөрсөн. Амташсан хэрээ 13 дахина гэдэг нь энэ үү. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зөвхөн хэвлэлийн сурталчилгаанд л гэхэд хэдэн 100 саяар нь зарцуулсан баримтууд сонгуулийн үеэр дэлгэгдэж л байсан.
Нөгөөтээгүүр, зээл л аваад байвал хоршоод хөгжөөд, мал аж ахуйн салбарын хөгжил, ирээдүй цойлоод явчих юм уу. Санхүүжилт авсан хоршоодын орлогын өсөлтийн хувь ямар байгаа, орон нутагт шинэ ажлын байрууд бий болгосон, эсэх, цаашлаад зах зээлд бие даан хөгжих чадамж бүрдсэн үү, үгүй юүгээд олон асуулт урган гарах нь зүйн хэрэг. 3-5 өрх айл нийлж хоршоо байгуулангуутаа 50 саяын зээл аваад, бизнес эрхлэх гэтэл мөнгө нь хүрэлцэхгүй, тодорхой төлөвлөгөө ч байгаагүй тул тус бүрдээ машин худалдаж авсан тухай бишгүй сонсогддог. Уг нь энэхүү зээлийг олгож эхэлсэн даруйд Төрийн банкны зүгээс “Малчид өөрсдөө бизнес төлөвлөгөө төслөө боловсруулдаг мэдлэг боловсролтой болох хэрэгтэй. Хүний бичсэн төслөөр бизнес хийнэ гэдэг утгагүй бөгөөд эрсдэлтэй. Олгосон зээлийг зөв зүйлд зарцуулж байна уу гэдэгт, мөн эргэн төлөлтөд нь анхаарах шаардлага байна. Хоршооны зээлд Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хүртэл баталгаа гаргаад өгсөн. Гэхдээ тэр мөнгийг яаж, хэд дахин өсгөх вэ гэдэгтмалчид өөрсдөө ажиллах шаардлагатай” гэж зөвлөж байв. Харамсалтай нь, энэ зөвлөгөөг сонссон нь хэд бол.

Ж.Баярмаа гишүүний хэлснээр одооноос малчдад “Авсан зээлээ автомашин болгох бус, 100 мянган төгрөгийг 200 мянга болгож өсгөхийн төлөө л хоршоонд хөнгөлөлттэй зээл олгож байгаа шүү. Эргэн төлөх нь гарцаагүй” гэдгийг үнэн шударгаар хэлж, ойлгуулаасай. Үгүй бол эцэст нь “Мал байхгүй, үйлдвэр ч байхгүй. Хоёр чихийг минь огтолж л авдаггүй юм бол өөр өгөх юм алга” гээд сууж байвал яана вэ. Дахиад татвар төлөгчдийн мөнгөөр малчдын саналыг худалдаж авах ийм найр, хайр баймааргүй л байна шүү.
Шадар сайдын ажлын албанаас “Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шинээр байгуулагдах дундын хоршоодын тоог нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлох, хэрэгжилтийн цар хүрээ, байршлыг бүсчилсэн байдлаар төлөвлөх, санхүүжилтийн эх үүсвэр, төсвийн нийт хэмжээг нарийн тооцож, зээлийн дээд, доод хэмжээ, нөхцөл, шаардлагыг тодорхойлох, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлэх ажлуудыг тухайн бүсийн онцлогт нийцүүлэн төлөвлөх, нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, иргэд, хоршоологчдын дунд газар олголттой холбоотой мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх...” үүрэг өглөө л гэнэ. Одоо хяналт тавиад, үүрэг өгөхөөр юу сайжрах вэ. Үнэндээ “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд олгосон зээлийн үр дүн тодорхойгүй байгаа тохиолдолд санхүүжилтийн хэмжээг хумьж, өөр хэрэгцээтэй төсөлд зарцуулбал улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмтэй бус уу.
Л.Аргамжин