Монгол бол залуучуудын орон хэмээн бид гадаад, дотоодгүй сайрхаж, цээжээ дэлдэх дуртай. Гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж буй нь үнэн. Гэвч харамсалтай нь, манай төр, засаг залуусаа дэмжих, тэдний сайн сайхан байдлыг хангахын төлөө дорвитой ажиллаагүйн улмаас залуу үеийнхний эрүүл мэнд доройтож, анхаарал татах хэмжээнд хүрчихлээ. Тодруулбал, 15-34 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь осол гэмтэл, гаднын шалтгаанаас үүдэлтэйг мэргэжилтнүүд хэлсэн. Өөрөөр хэлбэл, залуусын нас баралтын 68 хувийг дээрх шалтгаан эзэлж буй бөгөөд дараа нь амьсгалын болон хоол боловсруулах тогтолцоо, хавдар, зүрх, судасны өвчин бичигджээ. Мөн 25-34 насны залуусын дунд архи, тамхины хэрэглээ хамгийн өндөр буюу 42-44 хувьтай гарчээ. Өдөрт дунджаар 15 ширхэг, жилд 5475 янжуур татдаг гэсэн судалгаа гарсныг саяхан Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Залуучуудын эрүүл мэндийн асуудал” хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
Гуч хүрээгүй залуус тэр бүр эрүүл мэндийн байгууллагын үүд сахиад байдаггүй. Гэвч эмнэлэгт хандаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхгүй бол харанга дэлдэж эхэлснийг да раах тоо баримтаас харж болно. Тодруулбал, улсын хэмжээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн “Эрт илрүүлэг” үзлэгт 18-30 насны залуусын ердөө 10.6 хувь нь хамрагджээ. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Гэтэл хөдөлмөрийн насны хүн амд 15-34 насны залуус 42.2 хувийг эзэлж буй. Эрт илрүүлгээр 78 мянган залууст өвчлөлийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрч, 131 хавдрыг “барьж” авчээ. Хорт хавдрыг насжилттай холбоотой өвчин гэж үздэг ч ийн залуусын дунд цөөнгүй “үзэгдэх” болоод удав. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэгт хамрагдсан 182 443 залуусын бараг тал хувь нь өвчтэй байна.
СЭТГЭЦИЙН ЭМГЭГТ ЗАЛУУС ХАМГИЙН ИХ ӨРТДӨГ
Бие махбодын зовууриас гадна сэтгэцийн эрүүл мэнд залуусын дунд тулгамдсан асуудлын нэг болсон. Энэ тухайд СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул “Сүүлийн жилүүдэд сэтгэл гутрал, нойрны асуудал, архаг ядаргаа, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоом гээд олон асуудал сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотойгоор үүсэж байна. Олон улсын судалгаанаас харахад сэтгэцийн эмгэгт залуучууд хамгийн ихээр өртөж буй. Өөрөөр хэлбэл, 40-өөс доош насныхан сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байнга нүүр тулдаг. Энэ насныхан сурч боловсрох, хөдөлмөрлөх, хайр дурлал, гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох, эдийн засгийн хараат бус байдлаа сайжруулах, карьераа эхлүүлэх зэргээр амьдралын түмэн асуудалд хөлөө олох шаардлагатай болдог. Энэ бүхнийг амжуулахын тулд стресстэх, хичээгээд амжилтад хүрэхгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндэд нь асуудал үүсгэдэг” гэв. Мөн тэрбээр “Монгол залуусын дунд амиа хорлолт өндөр. Өнгөрсөн онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 4000 гаруй ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судалж үзлээ. Судалгаагаар хоёр эмч тутмын нэг нь ажлын байрны стресстэй гарсан. Үүгээр зогсохгүй архаг ядаргаа, сэтгэл түгших, гутрах эмгэгийн эрсдэл өндөр байна. Эрүүл мэндийн ажилтан сэтгэл санааны хямралтай байх нь тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлнө” гэсэн юм.
ХӨВГҮҮД ӨСВӨРИЙН КАБИНЕТАД ХАНДДАГГҮЙ
Улсын хэмжээнд өвсөр насныханд зориулсан 34 кабинет бий. Бүх дүүрэг, аймгийн эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн эмнэлгүүд эл кабинетаараа дамжуулан өсвөр насныхны бэлгийн бойжилт, биеийн хөгжил, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн өсвөрийн клиникт жилд дунджаар 4500 орчим өсвөр үеийнболон20-24 насны залуус тусламж, үйлчилгээ авчээ. Тус төвийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг “Манай төвд хандаж буй хүүхдүүдийн олонх нь охид. Хөвгүүд маш цөөн ирдэг. Охидын хувьд нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл, эмгэг, жирэмслэлтийн асуудлаар ханддаг төдийгүй хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тусламж, үйлчилгээ авдаг” гэв.
Өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт буурахгүй байгааг эмч нар сануулдаг. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд 10-14 насны 215, 15-19 насны 2950 хүүхэд үр хөндүүлжээ. Өнгөрсөн онд гэхэд 12-17 насны 560 охин үр хөндүүлж, 400 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ оны эхний найман сард “Хүрээ” амаржихгазарт11-17 насны 72 охин амаржсан талаар тус төрөх эмнэлгийн захирал Ш.Алтантуяа ярьсан юм. Ганц эмнэлэгт л насанд хүрээгүй охид ингэж олноороо төрж буй нь эмгэнэлтэй. Өсвөр үеийнхний бэлгийн боловсролын эрүүл мэндийн асуудлыг хөсөр хаясны гор.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 30 гаруй төрлийн халдварт өвчний 32.6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) эзэлж байна. Энэ тухайд АШУҮИС-ийн багш В.Нямцэнгэл “Бэлгийн замын халдварт өвчний бүртгэгдсэн нийт тохиолдлын 40 гаруй хувийг 29 хүртэлх насны залуусын өвчлөл эзэлж байна. БЗДХ-ын тархалтын судалгаагаар 15-24 насны залуусын дунд урьдчилан сэргийлэх аргын талаар зөв дадал хэвшил, хандлага 21.4 хувьтай буюу маш хангалтгүй гарсан. Өсвөр насныхан, залуусын дунд энэ халдвараас сэргийлэх мэдлэг, дадал байхгүй. БЗДХ нь өөр замаар дамжихгүй. Тиймээс залуучуудын хувьд амьдралын зөв хэв маяг хэвшүүлэх нь маш чухал. Бас нэг анхаарах зүйл нь эрэгтэйчүүдийн дунд заг хүйтэн өвчний тохиолдол нэмэгдэх болсон” гэв.

ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ХЭЗЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Эдгээр тоо баримтаас үзэхэд залуусын дунд өвчлөл аалзны тор мэт хэржээ. Үүнээс гарах арга зам бий юү. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого буюу “Алсын хараа-2050”-ийн зорилтод залуучуудын хөгжлийн асуудал гол байр суурь эзэлдэг. Гэвч энэ нь тунхаг төдий. Мөн манай улс анх удаа залуучуудын асуудал хариуцсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай болсон. Тус яамныхан “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2026-2030” хэмээх бодлогын баримт бичиг боловсруулсан гэх. Тэр ч бүү хэл, манайх Залуучуудын хөгжлийг дэмжих тухай бие даасан хуультай улс. Эл хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй. Хэрэв хэрэгжүүлсэн бол өдийд залуучуудын мэдээллийн сантай болчих байв. Мөн тус хуулийн 10.1.4-т заасан залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсрол, эрүүл мэнд болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах, 10.1.5-д зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн биеийн тамир, спорт, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх гэсэн заалт салхинд хийссэн бололтой.
Наад зах нь Улаанбаатар хотод хүүхэд, залуус цагаа зөв боловсон өнгөрүүлж, нэгнээсээ суралцах бүтээн байгуулалт хэд билээ. Спортоор хичээллэх, заал танхим, зам, талбай юу сан билээ. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлснээр хүн эрүүл, урт наслах боломжтойг олон улсын жишээ бэлхнээ харуулдаг. Харин манайд ерөнхий боловсролын сургуульд ч биеийн тамирын хичээл ор нэр төдий орж байна. Хөлс үнэртсэн, умгар зааланд хүүхдүүдэд ганц бөмбөг шидэж өгөөд л хичээл орсон нэр зүүдэг. Хүн бүр багаасаа эрүүл мэндийн зөв дадал, хэвшилтэй болж, өөрт тохирсон спортоор хичээллэн, дасгал хөдөлгөөн хийдэг бол эмнэлэгт очих жим бүдгэрэх байв. Эсрэгээр нь хорт зуршил, зан үйлийг сурталчилсан нийгэмд сэтгэц, бие махбодын хувьд яаж эрүүл байх вэ.
Дэлхийн ихэнх улс орон залуусынхаа эрүүл мэндийг төрийн бодлогоор хамгаалж, сэтгэл зүй, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаардаг. Жишээ нь, Шведэд сэтгэл зүйн тусламжийн үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд улс, хувийн хэвшлийн эмнэлгүүд нь залуусыг урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна. Финландад гэхэд бүх сурагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн үнэлгээ хийдэг гэнэ. Харин манайд бүх насныхныг хамруулдаг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг санхүүжилтгүйн улмаас зогсоочихсон. Хэзээ үргэлжлүүлэх, аль насныхныг яаж хамруулах нь тодорхойгүй байна.