2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу” нийтлэлээрээ шалгарч байв.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байна. 2009 онд анхны БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулсан бөгөөд тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч Гомбожавын Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу” нийтлэлээрээ “Шилдэг- 9”-д шалгарсан юм. 2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой.
Г.Отгонбаяр
Хувь хүнийг нь дөвийлгөсөн цагаан магтаал, хэт харлуулсан гүтгэлэг бол сонгуулийн үеэр идэвхждэг Монголын сэтгүүл зүйн нийтлэг дүр төрх. Үүнийгээ тархи угаалт ч гэдэг. Уламжлалт сонгуулийн сэтгүүл зүйгээс энэ удаа татгалзах, үгүй нь сонгуулийн штабын удирдлагууд, пиарчдын хүсэл зоригоос л хамаарна. “Үндэсний шуудан” сонины хувьд сонгогчдын тархийг угааж бус, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхөд нь нийтлэлийн бодлогоо чиглүүлнэ.
УИХ-ын сонгууль орон нутгийн фактор өндөртэй. Далан зургаан гишүүний 50-ийг хөдөөнөөс сонгодог учраас парламентад аль нам олонх болох нь орон нутгаас ихээхэн хамаардаг. Харин Ерөнхийлөгчийн сонгууль хотоос хамаарал ихтэй. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог, Монгол Улсаа бүхлээр нь нэг-тойрог гэж үздэг учраас тэр. Жишээ нь, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг сая 579 мянга 981 хүн саналаа өгнө гэж Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс тооцжээ. Сонгуулийн насны эдгээр хүний 40 хувь буюу 618 мянга 995 нь нийслэлд буй. Хотын сонгогчдын энэ 40 хувийг яаж татах нь мөрийн хөтөлбөрийн давуу тал, сонгуулийн технологи, багийн менежмент, пиарчдын мэдрэмжээс шалтгаална. Одоо бол нэг талд нь мөнгө-луйвраас болгоомжилсон айдас, нөгөө талд нь мөнгө-луйварт хэт найдсан битүүхэн бардамнал л яваад байна. Ялагчийг тодруулах гурван хэмжүүр бий. Нэгдүгээрт, нэр дэвшигчийн рейтинг, хоёрдугаарт, намынх нь, гуравдугаарт, луйврын хувь хэмжээ. Энэ гурвын нийлбэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодорно. Бусад улс оронд эхний хоёр үзүүлэлтийн нийлбэрээр ялагчийг тодруулдаг. Харин манайд сонгуулийн луйвар бараг нэгдүгээрт жагсталаа газар авсныг “долоодугаар сарын 1”-ний хэрэг явдал болон сонгууль бүрийн дараах мэдэгдэл, тайлбарууд нотолдог билээ.
Дээрх гурван үзүүлэлт улс төрийн нөхцөл байдлаас хамаараад дотроо бас эрэмбэлэгдэнэ. Жишээ нь, энэ сонгуульд Н.Энхбаяр нэгдүгээрт Ц.Элбэгдоржийн, хоёрдугаарт АН-ын рейтингийг эрэмбэлж, хамгийн сүүлд сонгуулийн луйвраас болгоомжилж байгаа болов уу. Тэгвэл Ц.Элбэгдоржийн хувьд энэ дараалал бараг эсрэгээрээ. Тэрбээр энэ сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө нэгдүгээрт, Н.Энхбаярын нэр хүнд, хоёрдугаарт, сонгуулийн луйвар, эцэст нь, МАХН-ын нэр хүнд гэж эрэмбэлэх байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч саналаа өгсөн нийт сонгогчийн 50+1-ээс дээш хувийн саналыг авч байж ялалтын босго давдаг. Хэрэв Ц.Элбэгдорж сонгуулийн луйврыг хоёрдугаарт эрэмбэлж байгаа бол наад зах нь 60+1 хувийн саналыг авч байж хуулийн босго давах бололцоо бүрдэнэ. Н.Энхбаярт бас л ийм шаардлага гарах ч, Ц.Элбэгдоржийнхоос арай л бага байх болов уу. Учир нь сонгуулийн луйварт хоёр нам хоёулаа гаршиж яваа ч, арай чанартай гүйцэтгэдэг нь МАХН юм.
Нэр дэвшигчдийн сурталчилгаа Ерөнхийлөгчийн гэдэг утгандаа нэг л дүйхгүй яваа нь дээрх луйврын тухай хардлагыг төрүүлж байгаа юм. Сурталчилгааны 60 хоногийн гуравны нэг өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бодлого ярьж өрсөлдөх гээд байна уу, тэдний пиарчид тархи угааж уралдах гээд байна уу гэдгийг үнэндээ ялгасангүй. Гаргаж тавьсан сонгуулийн уриа нь ч оновчтой болсонгүй. Сонгуулийн уриа бол нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хураангуй. Бас шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн бодлогын толь. Харин пиар бол мэдрэмжийн л урлаг. Гэтэл пиарчдын мэдрэмжээр босгосон нэр дэвшигчдийн бодлогын толь болох сонгуулийн уриа нь “бай”-гаа оноогүйг хэвлэлүүдийн шүүмжээс харж болно.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ард түмний Ерөнхийлөгч”-ийг тугаа болгов. Түүний энэ уриаг “Иргэн бүрийг 5418 ам.долларын өрөөс чөлөөлөв” гэдэг дарцаг даган намирчээ. Энэ хоёр уриа Н.Энхбаяраас шинэ зүйл үнэндээ харагдуулахгүй байна. Ард түмний Ерөнхийлөгч бол сонсголонтой, наалдацтай л болохоос хэлбэр талын дүрслэл. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог цорын ганц төрийн дээд албан тушаал. Ард түмнийхээ 50+1-ээс илүү хувийн саналаар сонгогдсон хэнийг ч ард түмний Ерөнхийлөгч л гэнэ. Өмнө нь энэ албыг хашсан П.Очирбат ч, Н.Багабанди ч бүх ард түмнээсээ сонгогдсон “ард түмний Ерөнхийлөгч” байсан. Одоо Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын хэн нь ч ялсан ард түмний Ерөнхийлөгч л байх болно. Өөрөөр хэлбэл, “Ард түмний Ерөнхийлөгч” гэдэг бол түүнийг хаанаас яаж сонгогдсон хэлбэрийг л тодотгож байгаа юм. Иргэн бүрийг 5418 ам.долларын өрөөс чөлөөлөв гэдэг нь ОХУ-д төлсөн их өрийг хэлж байгаа бололтой. Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа их өрийг тэглэж түүхэн гавьяа байгуулсныг хэн ч үгүйсгэхгүй. Энэ гавьяаныхаа үр дүнгээр тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Гэхдээ энэ нь нэгдүгээрт, бараг найман жилийн өмнөх үйл явдал. “Их өрийг тэглэв” гэдэг бол 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын ашиглаад үр дүнг нь үзчихсэн уриа. Хоёрдугаарт, их өрийг тэглэж, өрх бүрийг 5418 ам.долларын өрөөс чөлөөлсний үр дүнг айл өрхүүд шууд утгаараа хүртээгүй. Их өргүй боллоо гээд айл өрхийн амьдралд өсөлт гараагүй. Бодит байдал ийм байхад “Танайхыг 5418 ам.долларын өрөөс чөлөөлсөн” гэх нь харин ч зарим хүний дургүйг хүргэнэ. Бүр заримд нь “өрх бүрд 30 сая төгрөг өгнө” гэсэн орон нутгийн сонгуулийн үеийн Хан-Уул дүүргийн МАХН-ын хорооны сурталчилгааг санагдуулж ч мэднэ. Нөгөө талаас найман жилийн өмнөх гавьяагаа дахин сонгуулийн туг болгох нь Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ өмнө тайлагначих олигтой ажил хийгээгүй мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэтэл тэрбээр ардчиллаас хойш ээлжлэн засаг барьсан намуудын хийж чадаагүй Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлуулсан, төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон шүү дээ. Энэ том бодлогоо, Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийснээ ярихад Ерөнхийлөгчийн сонгууль жижигдэнэ гэж штабын нөхөд нь зөвлөөд байгаа юм болов уу даа.
АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Ардчилсан Ерөнхийлөгч” байхаа амлаж явна. Энэ уриа түүнийг МАХН-ын нэр дэвшигчээс, эсвэл Н.Энхбаяр гэдэг өрсөлдөгчөөс нь огт ялгаруулахгүй байна. Бас л хэлбэр талын дүрслэлээс хэтэрсэнгүй. Энэ нь ардчиллыг өмчлөх гэдэг АН-ын угшмал зантай холбоотой бололтой. Хамгийн энгийнээр хэлэхэд, Монгол “ардчилсан улс” учраас л Ерөнхийлөгчөө ард түмнээс ардчиллын замаар сонгох гэж байгаа. Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар ч ардчилсан Ерөнхийлөгч байсан. Тэдний хэн нь ч ардчилсан Үндсэн хуулийн хил хязгаарыг даван илүү эрх дарх эдэлж, диктатур тогтоож байгаагүй билээ. Хэрвээ Н.Энхбаярыг, Н.Багабандийг, П.Очирбатыг ардчилсан Ерөнхийлөгч байгаагүй гэвэл хувь хүнтэй нь бус, тэднийг эрх, үүргийг хуульчилсан Үндсэн хуультайгаа “ярих” хэрэг гарна.
Энэ урианд “Ц.Элбэгдорж бол ардчиллыг Монголд анх авчирсан хүн” гэсэн давхар санаа байгаа юм болов уу. Түүнийг ардчиллын алтан хараацайнуудын тэргүүн эгнээнд явсныг түүх ч мартахгүй ээ. Гэхдээ Н.Энхбаяр их өрийг тэглэж, газрыг хувьчилсан гавьяагаараа УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэдэгтэй адил Ц.Элбэгдорж ч ардчиллын түүчээ байсныхаа гавьяа, малыг, орон сууцыг хувьчлахад оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдсон. Тэгэхээр Ерөнхийлөгч болоход одоо цаг нь, ээлж нь болсон гэх хүндлэл энэ хоёр нэр дэвшигчийн аль алинд бага. Хэрэв цаг, ээлж ярих гэж байгаа бол хойноо хэл амгүй, шударга сонгуулийг үзэх ард түмний л ээлж ирсэн байх. Чухам тийм учраас л урьдын гавьяаны бус, ирээдүйд хийх бодлогын өрсөлдөөн байх нь энэ удаагийн сонгуулийн нэг гол онцлог билээ.
Түүнчлэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хэн нь илүү тахин шүтэгсэдтэйг, хоёр нэр дэвшигчдийн хэнээс ард түмэн уйдаж эхэлснийг энэ сонгуулийн дүн ямар нэгэн байдлаар илэрхийлнэ. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бол Монголын улс төрийн тэргүүн эгнээний лидерүүд. Тэд хоёулаа ард түмний нэг хэсэгт тахин шүтэгдэж, нөгөө хэсэгт нь үзэн ядагдаж явдаг. Магадгүй Н.Энхбаярыг тахин шүтэгсэд Ц.Элбэгдоржийг үзэн яддаг. Ц.Элбэгдоржийг тахин шүтэгсэд Н.Энхбаярыг үзэн яддаг байх. Ардчиллын 20 жилийн түүхэнд төрөн гарсан олон улстөрчийн дундаас ард түмэн нь талцаж, тахин шүттэлээ хүлээн зөвшөөрөгдсөн лидер-улс төрч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нараас өөр нэг их олонгүй л болов уу. Ийм хүчтэй улс төрчдийн халз өрсөлдөөн урьд өмнөх Ерөнхийлөгчийн байтугай УИХ-ын сонгуулийн нэг тойрогт ч тохиож байгаагүй юм.
Хоёр нэр дэвшигч хоёулаа л ард түмнийхээ өмнө түүхийн цаг үедээ бүтээсэн гавьяа, хийсэн ажилтай. Түүнийхээ үр дүнгээр улс төрийн тэргүүн эгнээнд олон жил явж, ард түмний мандатаар төрийн өндөр дээд албан тушаал хашиж яваа. Гэхдээ л монголчуудад байдаг уйдамхай чанар энэ хоёр хүн дээр илэрч л байгаа. Хүмүүс хоёулангаас нь уйдаж эхэлж байгаа. Чухам хэнээс нь, ямар хэмжээгээр вэ гэдгийг энэ сонгуулийн дүн харуулна. Ард түмнээ хамгийн бага уйдаасан нь энэ удаагийн сонгуульд ялах магадлалтай. Ялагдсан нь харин аажмаар тэргүүнээс улс төрийн хоёр, гуравдугаар эгнээнд шилжих болов уу. Урьдын Ерөнхийлөгч нарын жишээ ч ийм билээ.
Гурав дахь санал хуваагчгүй, түүхэндээ хоёр хүчтэй өрсөлдөгчтэй, одоохондоо бодлогоороо бус, урьдын гавьяагаараа өрсөлдсөн, эцсийн ганц ялагч нь ард түмэн өөрсдөө байхыг хүсэмжилсэн зэрэг онцлог сонгуулийн онцлоггүй өдрүүд үргэлжилсээр…
“Үндэсний шуудан” сонин. 2009.05.05