Хэвлэл мэдээлэл нь ардчилсан нийгмийн гол тулгуур, “дөрөв дэх засаглал” гэгддэг. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын сэтгүүл зүй ёс зүйн зарчим, хэм хэмжээгээ умартаж, зөвхөн нэг талын эх сурвалж, эрх ашигт хөтлөгдөн, захиалгат нийтлэл, нэвтрүүлэг, гүтгэлэг, “шантааж” хийдэг, өөрт ашигтаймэдээ мэдээллийг л түгээдэг, улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлыг илэрхийлэгч хэрэгсэл болоод удав.
Энэ нь иргэдийн мэдээлэлд итгэх итгэлийг алдагдуулж, сэтгүүл зүйн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, үнэ цэнийг үгүй хийж, олоннийтийнмэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Сэтгүүл зүй бол угтаа гурван түвшний эх сурвалжаас баталгаатай, найдвартай, бодитой мэдээ мэдээллийг түгээх, иргэд, олон нийтэд тухайн асуудлын учир шалтаан, мөн чанар, үнэн бодит нөхцөл байдлыг ухан эргэцүүлэх, нийгэм, системийг бүхэлд нь ойлгож танихад чиглүүлэх, олон түмний санаа бодлыг төлөвшүүлэх нийтлэг үүрэгтэй билээ. Түүнчлэн Сэтгүүлчийнёс зүйн үндсэн асуудал болох бодит үнэнд нийцүүлэх, тэнцвэртэй, хүртээмжтэй байх, ил тод, олон ургалч үзлийг эрхэмлэх, хүнлэг энэрэнгүйг дээдлэх, улс үндэстний эрх ашиг, хувь хүний эрх, эрх чөлөөг адил тэгш авч үзэх, дээдлэх гэсэн түгээмэл зарчмыг баримтлан ажиллах учиртай. Харамсалтай нь, Монголын сэтгүүл зүй нийтлэг үүрэг, түгээмэл зарчмаасаа хазайн ухарч, хэн нэгний талд илтэд үйлчлэн, хэт нэг талыг баримталсан мэдээлэл түгээж, хувь хүн болон аливаа байгууллагыг зориуд санаатайгаар гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, мөнгө нэхэх, нөгөө талд “эзэн”-ээ шагшин магтах, улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагч, үзэл бодлыг илэрхийлэгч болсон. Энэ байдлаас улбаалж захын бичиг үсэг тайлагдсан хэн ч Монголын сэтгүүл зүйг “шантаажчид” гэж нийтээр нь хамаатуулан дүгнэж байна.
Монголд сэтгүүл зүйн салбар эдийн засгийн хувьд хангалттай бие даах чадамжгүй, санхүүжилт талаасаа заавал хэн нэгэн, эсвэл улс төр, бизнесийн аль нэг бүлэглэлээс хараат байгаа нь нууц биш. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, редакцуудын хувьд ч энэ нь сорилт хэвээр буй. Хамгийн гол нь, хэн дуртай нь “сэтгүүлч” хийж болдог болсон өнөөгийн нөхцөлд худал мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцох тогтолцоогүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээлийн хэрэгслийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн зохицуулалт сул, сэтгүүлчдийн ёс зүйн зөрчилд тавих хяналт ойлгомжгүй байгаа нь нийт салбараараа иргэдийн итгэлийг алдаад зогсохгүй, нийгмээрээ үнэн, худлыг ялгах боломжгүйд хүрсэн нь хамгийн том хохирол юм.
Биднийг энэ шавар шавхай, намаг балчгаас хэн ч татаж гаргахгүй, хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө л гарах ёстой. Гэхдээ хэрхэн яаж, хэзээ гарах вэ. Ташрамд, 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль манай салбарт үйлчилдэг. Энэ хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэсэн заалт бий. Харин 2022 онд батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.3-д хэвлэл захиалахыг хориглосон заалт оруулсан. Тэгсэн хэрнээ “Арилжааны” гэх хувийн 16 телевизэд татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу төсвөөс тэрбум тэрбумаар нь санхүүжилт өгдөг болгосон. Уламжлалт хэвлэл болох сонин, сэтгүүл захиалахыг хориглосон хууль батлах нь шударга ёсонд нийцэх үү.
Б.Баярмагнай