Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Үүрцолмонд шавь нараа өвөрмөц арга барилаар бэлтгэл хийлгэдэг нэг нууц бий. Тэр нь туухай (гийр). Өөрөө олон жил уйгагүй судлан хичээллэж, үр дүнг нь мэдэрсэн болохоор тамирчдаа туухайтай нөхөрлүүлдэг. Хоёр спортод дөрөө харшуулсан тамирчид нь Индонез улсад болсон “Жакарта-2018” Азийн спортын наадамд самбо бөхийн төрөлд тус бүр нэг алт, хүрэл, хошой мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын багаас хамгийн өндөр амжилт гаргасан юм. 2019 он түүний хувьд шавь нараа гадаадын томоохон тэмцээнд сойж, ажлынхаа үр дүнг батлан харуулсан жил байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо анх удаа зохион байгуулсан самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд тамирчид нь тэргүүлснийхээ дараахан БНСУ-ын Чонжү хотыг зорьж, Дэлхийн тулааны их наадмын самбо бөхийн төрөлд таван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль гардаж, улмаар насанд хүрэгчдийн ДАШТ-д эрэгтэйчүүдээс 68 кг-д ОУХМ Д.Алтансүх, +100 кг-д ОУХМ Д.Пүрэвдорж нар түрүүлснээр багаараа дэд байрт шалгарсан билээ. Жилээс жилд шигшээ багийн амжилтыг ахиулах болсон түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж, спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” оны шилдэг дасгалжуулагчаар анх удаа тодруулсан юм.
ААВЫНХАА ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ, ӨВГӨН БАГШИЙН ЭРДМЭЭС СУРАЛЦАВ
Тэрбээр бөх, хүчний спортод сонин тохиолдлоор хөл тавьсан гэдэг. Өөрийгөө өмнө нь тамирчин болно гэж төсөөлөөгүй явсан түүнийг самбогоор хичээллэхэд аав нь дэмжиж “Миний хүү сайхан барилддаг бөх бол. Өрсөлдөгчөө ялахын тулд өөрт байгаа бүхнээ дайчлан гаргадаг тамирчин байгаарай” гэж захижээ. 1984 онд аравдугаар ангиа дүүргээд эрчим хүчний харьяа ил уурхайн цахилгаанчны курст сурахаар хойд хөрш рүү хилийн дээс алхав. Нэг өдөр хичээлээ тараад иртэл байрных нь зэргэлдээх зааланд орос залуус самбо бөхийн бэлтгэл хийж байхыг харжээ. Хэл мэдэхгүй хэрнээ сонирхолдоо хөтлөгдөн яваад ортол тэд түүнтэй дохио зангаагаар ойлголцож, хамт бэлтгэл хийхийг зөвшөөрсөн байна. Оросуудын хэнтэй ч нээлттэй харилцдаг зан түүнд таалагдаж, сүүлдээ найз нөхөд болсноор хэлнийхээ чадварыг ч сайжруулав.
Тэнд зургаан сар бэлтгэл хийсэн тэрбээр эх орондоо ирж, Багануурын уурхайд нэг хэсэг ажиллав. Тэгтэл цэрэг татлага болж, Эрдэнэт хотын цэргийн ангид хуваарилагджээ. Армид алба хаасныхаа дараа “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Ч.Өвгөнхүү багшийн шавь болж, самбо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн нь амжилт гаргах эхлэл байсан юм. Аавыгаа хорвоогийн мөнх бусад алдсан түүнд багш нь нөмөр нөөлөг, түшиг тулгуур болдог байж. Энэ тухай тэрбээр “Гэрээ санаж үгүйлсэн үед багш минь ааваас өөрцгүй санагддаг сан. Шавь нараа алаг үзэхгүй, бүгдтэй нь адил харилцана. Биднийг барилдуулж, нэлээд зүгшрүүлж байгаад шавиа болгоно. Би зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэсэн, зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Буурал багшийнхаа заасан эрдмээс суралцаж, самбо бөхөд амжилт гарган алдарт ч хүрсэн. Өдий дайтай яваагаа өөрийн сайных бус, өвгөн багшийн минь ач тус гэж боддог” хэмээн өгүүлсэн удаатай.

САМБО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН БОСГООР АЛХСАН НЬ
Түүнийг шигшээ багт хөл тавихад дэлхийн аварга болчихсон шижигнэсэн хэдэн залуу угтжээ. Тэднийг Ч.Насантогтох, Г.Пүрэв-Очир, Ш.Чанарав багш дасгалжуулна. Бэлтгэл хийсэн анхны өдрөөс л ОУХМ Х.Баттулга, Н.Баатар болд, Ж.Ганболд нар хүчтэй өрсөлдөгч болох нь мэдрэгдэв. Монголд ах нартай ана мана үзэлцэж, УАШТ-д түрүүлэн дэлхийн дэвжээнд барилдсан нь ховорхон тохиох том амжилт байлаа. Түүнд дотоодын шилдгүүдтэй барилдах ДАШТ-д өрсөлдөхөөс ч хэцүү санагддаг байж. Ах нарын гарт нэлээд нухуулж, бөх болсон тэрбээр бэлтгэлийн зааланд нэгнээ хүндлэх, амжилтаар нь бахархах ухаанд давхар суралцав. Тийм л үед спортын зовлон жаргал, баяр гуниг, эрч хүч, сэтгэлийн хат, тэнхээг дэвжээнээс мэдэрч, багш нартаа зэмлүүлэн магтуулж, заавар зөвлөгөөг нь дагаж барилдсаар самбо бөхийн дэвжээнд дэлхийн аварга болсон юм.
Монголд 1989 онд болсон “Дэлхийн цом”-д түрүүлж, АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан ДАШТ-д оролцсон нь түүний нүдийг нээв. Тэр жил медалийн хур далласан онцгой он байжээ. Дасгалжуулагч нар багийн хурал хийж, өмнө нь 57 кг-ын жинд Монголоос медаль хүртэж байгаагүй тул өрсөлдөх тамирчдын нэрийг амжилт гаргаснаар нь жагсаахад тэр багтсан юм. Дотоодын тэмцээнүүдэд цойлж, хамгийн цөөн оноо алдсан нь тэр байж. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч байсан Л.Энэбиш агсан самбо бөх сонирхогчдын холбооны ерөнхийлөгч байв. Тэрбээр нэрийн жагсаалтыг харчихаад “Г.Үүрцолмон гэж ямар тамирчин бэ” гэхэд дасгалжуулагчид “Алдар нийгэмлэгийн цэрэг байгаа юм” гэхэд “Цэрэг байх нь хамаагүй ээ. Тэмцээнд сайн барилдаж, оноо бага алддаг тамирчин байна. Түүнийг оролцуулъя” гэж санал тавихад багш нар нь ч дэмжив.

МОНГОЛООС АНУ-ЫГ ЗОРЬЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ТҮҮХ
“Дэлхийн цом”-д зодоглож, цаг дуусахад дөрвөн секунд дутуу байхад тэмцээн үзэж суусан Л.Энэбиш дарга түүн рүү хараад толгой дохисон нь “Өрсөлдөгчөө заавал ял, хожно шүү” гэсэн үг байв. ОХУ-ын дэлхийн аварга тамирчинд хожигдож явсан тэрбээр даргынхаа харцнаас бүхнийг ойлгож, дөрвөн оноо авч хожиход үзэгчид хашхираад л суудлаасаа босжээ. Хөл тавих зайгүй үзсэн хөгжөөн дэмжигчдийн дуунд Спортын төв ордон нурах шиг санагдсан гэдэг. Түүний найз андаа аварга болохыг хараад баярласандаа зурагтаа аваад шидчихсэн гэх яриа бий. Хожим үүнийгээ ярьж бөөн инээдэм болжээ. Олны итгэлийг дааж түрүүлэхэд Л.Энэбиш дарга баяр хүргэж үнсээд, “За хүү минь АНУ-д арваннэгдүгээр сард ДАШТ болно. Чи залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Чамд нэг аз тохиох нь. 1979 онд Д.Тэгшээ, Ц.Дамдин нар залуучуудын дэлхийн аварга болоод маргааш нь насанд хүрэгчдийнхэд оролцож, түрүүлсэн. Ах нарынхаа амжилтыг 10 жилийн дараа давтахад чамаас их зүйл шалтгаална. Хэрвээ чамайг дэлхийн аварга болбол гурван өрөө байраар шагнана. Ах нь чиний амьдралыг мэднэ. Би чам шиг өнчин өссөн. Амжилт гаргасан нь ДАШТ-д оролцдог юм.Энэ цагаас эхэлж чи миний бөх болсон шүү” гэжээ. Холбооныхоо ерөнхийлөгчөөс ийм үг сонсоод өөртөө итгэхгүй эргэлзсэн түүнийг хичээл зүтгэл нь амжилтад хөтөлсөн юм. Тэмүүлж чадвал хүн бүхэн зорьсондоо хүрдгийг тэрбээр залууст өөрийн биеэр үлгэрлэсээр явна.
1989 оны намар самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорихоор АНУ-ыг зорив. Эхний өдөр барилдаад залуучуудын ангилалд дэлхийн аварга болов. Маргааш нь насанд хүрэгчдийнхэд өрсөлдөж, аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарах гэж байтал нэг хүн ард ирээд нуруун дээр алгадчихаж. Хамаг анхаарлаа барилдаандаа төвлөрүүлж зогссон тэрбээр дүрсхийгээд эргээд хартал Л.Энэбиш дарга “Хүүе, миний хүү яаж байна. Тайвшир, одоо ганцхан даваа үлдлээ. Дарга нь амласандаа шүү. Монголд очоод байрныхаа түлхүүрийг гардаж аваарай” гэж. Ингэж алс тэртээх Америкт Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлж, Л.Энэбиш даргын бэлэглэсэн байранд ханьтайгаа гал голомтоо бадраажээ. Монголын тамирчдыг гадаадын томоохон тэмцээнд оролцоход НАХЯ-наас нэг хүн заавал дагаж явдаг байв. Тухайн үед АНУ-ыг хүмүүст хөрөнгөтөн орны нэг гэж ойлгуулсан байв. Тэмцээнд явахын өмнө яамнаас хүн ирж, “Та нар хөрөнгөтөн оронд очих гэж байна. Байрласан өрөөнөөсөө зөвшөөрөлгүй гарч болохгүй. Ганц нэгээрээ яваа гадаад хүнийг тэд нохой шиг буудаж алахаас сийхгүй” гэжээ. Тэнд очоод жин хасах амаргүй байсан тул дотор нь бачуурч гүймээр санагдсан ч гарч болохгүй гэснийг нь бодоод дороо шогшоод л байж. Тэгтэл “Ингэж жин хасаж үйлээ үзсэнээс гүйгээд буудуулсан ч яадаг юм” гэж бодоод гарахад хэн ч тоож хараагүй аж. Түүнээс хойш Англид 1992 онд зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-д өрсөлдөн, дөрөв дэх удаагаа аварга болж, 1993 оны нэгдүгээр сард Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар Гавьяат тамирчин цол хүртжээ.
ТУУХАЙН ГАЙХАМШГИЙГ СУДАЛЖ, МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИД БЭЛТГЭЖЭЭ
Самбо бөхийн дасгалжуулагчаас гадна Монголын туухайт спортын холбооны тэргүүнээр ажилладаг түүний ухаан, ур чадвар спорт сонирхогчдын анхаарлыг татдаг. Тэрбээр үүгээр 2010 оноос хичээллэж, тамирчдынхаа бэлтгэлд хэрхэн нөлөөлж болохыг сайтар судалсан юм. Орос гүрэнд XVII зууны сүүлчээр хөгжсөн туухай эртний түүх өгүүлдэг спорт. Тариачид нүүдэлчдийн халдан довтолгооноос гэр бүлээ хамгаалахын тулд гийр өргөдөг байжээ. Туухай түүхийн улбаатай холбоотой болохоор хойд хөршийнхөн тамирчдаа одоо ч үүнтэй нөхөрлүүлсээр байна. Монголын самбо бөх, туухайт спортын шигшээ багийнхан олон тэмцээнд амжилт гаргаж, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлддөг боллоо.
Тэрбээр оросуудтай ойр нөхөрлөдөг. Тамирчин байхдаа дэвжээнд барилдахаар гарсан турьхан биетэй өрсөлдөгчөө хараад “Энэ нөхрийг ялахад юухан байх вэ, одоохон тасдаад өгье” гэж боддог байж. Барилдахаар дийлдэхгүй хүчтэй. Өөрөөс нь доожоогүй харагддаг бөхийн хаанаас нь ийм их хүч гараад байгаа нууцыг ажиглаж судлахаар шийджээ. Тэр үед тэрбээр энэ спортын талаар хараахан судлаагүй байсан үе. Хожим өөрөө хичээллэж үзээд ач тусыг нь мэдэрсэн юм. Гийр манай улсад бүх нийтийн биеийн тамир болон хөгжиж байна. Тэрбээр үүгээр олныг хичээллүүлэхээр зорьж, мэргэжлийн тамирчид бэлтгэн амжилтад хүргэсэн юм.
Дасгалжуулагч хүний үүрэг бол тамирчдаа спортоор хүмүүжүүлэн төлөвшүүлэхээс гадна олныг биеийн тамираар хөгжүүлж эрүүл, урт наслуулахад чиглэдэг. Монголчууд хөдөлгөөний дутагдлаас үүдэж олон өвчинд өртөж байна. Ажигч зантай түүнд иргэд эрүүл мэндээсээ илүү боловсрол мэдлэгээ эхэнд тавьдаг нь анзаарагджээ. Энэ талаар “Өнөө цагт эмээр хооллодоггүй хүн ховор болсон. Амьдралын бэрхшээлийг хүн бие, сэтгэлийн тэнхээгээр даван туулдаг. Гэтэл өнөөгийн залуус хөдөлмөрийн бүтээмж муутай, ажил, амьдралын ачаалал даахгүй байна. Туухайгаар хичээллэхэд бие хөгжихөөс гадна сэтгэлзүйгээ зөв удирдахад суралцдаг. Монголд олон хүн энэ спортоор хичээллэдэг. Тэр дундаа цэрэг, цагдаа арми, хүчний байгууллагын албан хаагчид хичээллэж байна. Монголын хүндийг өргөлтийн Т.Самбуу багш “Спортод нууц байхгүй, хөдөлмөрлөхөд л нууц бий” гэж хэлсэн. Самбо бөхийнхнөөс гадна чөлөөт, жүдогийн шигшээ багийнхан бэлтгэлийнхээ хажуугаар гийр өргөж, амжилт гаргаж байгаа шүү” хэмээсэн.

ГЭР БҮЛЭЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛЖ, ТАМИРЧИН БОЛГОВ
Дасгалжуулагч хүн өөрийгөө, гэр бүлээ ч спортоор хөгжүүлдэг. Түүний эхнэрийг С.Туяацэцэг гэдэг. “Хос гийр” клубийн тамирчин. Гоо сайхны салбарт олон жил ажилласан эхнэр нь нөхрийнхөө зөвлөснөөр 50 насандаа туухайгаар хичээллэхэд хамт олон, найз нөхөд нь амжилт гаргана гэж бодоогүй аж. Спортын бусад төрлийн тамирчид энэ насанд хэдийн зодог тайлдаг. Түүнийг алдрын тавцанд зогсоход хүсэл сонирхол нь багагүй нөлөөлжээ. Казахстаны Нурсултан хотод 2022 онд болсон туухай өргөлтийн Ази тивийн АШТ-д өрсөлдөн 57 кг-д хоёр төрөлд дээд амжилт тогтоон, хошой алтан медальтай ирсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа Узбекистаны Хива хотод зохион байгуулсан ДАШТ-ээс аваргын цом гардаж, шилдгүүдийн эгнээнд багтсан байна. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчдын ангилалд оролцож, спортын гараагаа эхлүүлсэн эхнэр нь өдгөө Монголын гийрчдээс мэргэжлийн ангиллын анхны эмэгтэй тамирчин болжээ.
Түүний талаар эхнэр нь “Хүү нь армийн ангиудын дунд зохион байгуулсан гийрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, “Дайчин тамирчин” шагнал хүртсэн. Биднийг спортоор хичээллэхэд нөхөр минь магтахаас илүү шар хөдөлгөсөн үг хэлнэ. Хэрвээ намайг нүүрэн дээр минь магтсан бол өдий зэрэгт хүрэхгүй л байсан болов уу. Нэг удаа тэмцээнд оролцож байтал гар халтирч туухайгаа алдаад унагачихав. Тэр үед шохойгоо мартаж очоод хүнийхийг түрхсэн юм. Тэгсэн нөхөр “Чи өргөж чадахгүй юм бол болиоч” гэж билээ. Тухайн үед гомдсон ч “Би чамд амжилт гаргахаа заавал харуулна” гээд бодож байв. Надад тэмцээний өмнө зөвлөдөггүй. Харин “Чи оролцоод, зорьсондоо хүр” гэдэг. Хань минь бөхийн спортоор олон жил хичээллэсэн. Өрсөлдөгчдөө дэвжээнд ялж, амжилт гаргах хүртэл юу эсийг үзсэн билээ дээ. Буриадын Улаан-Үдэд очихдоо туухай өргөж үзээд оросуудын хүч, бяртай байдгийн нууцыг хожим мэдсэн юм. Түүнээс хойш шавь нараа бэлтгэл хийлгэхдээ туухай өргүүлдэг болсноор амжилт гаргаж эхэлсэн. Тамирчин хүн удам, авьяастай байсан ч шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэлт дасгалууд хийхгүй бол ур чадвараа ахиулж чадахгүй. Би спортоор хичээллэсэн цагаасаа нөхрийнхөө ажлын амаргүйг ойлгодог болсон. Намайг Казахстанаас аваргын цом, хошой алтан медальтай ирэхэд “Хайртай шүү” гэж ганц үг л хэлсэн. Ханийн минь энэ үг миний олон жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, зорилго тэмүүллийг дэмжиж үнэлсэн, бас амжилтаар минь бахархсан хамгийн сайхан урам байлаа.” гэсэн юм.