Эхнэр хүн салсны дараах амьдралаа хэдийн төлөвлөж, ойрын ирээдүйгээ толгойдоо зураглачихсан байдаг бол нөхрүүд салах өргөдөл хүлээж авсны дараа л гэнэт ухаан ордог гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчүүд эхнэр нь өргөдөл өгөх мөчид л “Салах юм байна” гэж ойлгодог бол эмэгтэйчүүд сэтгэлээ цэгцэлчихсэн байдгийг шүүхийн эвлэрүүлэн зуучлагч онцолсон. Нэг ёсондоо эмэгтэй, эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлог гэр бүл салалтад ч өөр өөрөөр илэрдгийг үүнээс харж болно.
Арав, 20 жил хамтдаа амьдарсан эхнэр, нөхөр нэг л өдөр салах шийдвэр гаргадаггүй бөгөөд энэ хугацаанд хайр, эсвэл хүчирхийлэл аль нь жин дарж байсныг дэнсэлсээр эцсийн шийдвэрт хүрдэг ажээ. Өөрөөр хэлбэл, хайр нь “дийлсэн” гэр бүл удаан, жаргалтай амьдардаг бол хүчирхийлэл давамгайлаад ирэхээр хоёр тийш болдгийг олон судалгаа, баримт харуулдаг.
ЭРХ ЗҮЙЧ БУС, СЭТГЭЛ ЗҮЙЧ ШААРДЛАГАТАЙ ЮУ
Монголд жилд дунджаар 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 4800 гэр бүл салдаг гэсэн статистик бий. Энэ бол бүртгүүлсэн дөрвөн гэр бүлийн нэг нь салж байна гэсэн үг. Тэгвэл шүүх ямар тохиолдолд гэр бүлийн салах өргөдлийг хүлээн авч, асуудлыг нь шийдвэрлэдэг вэ. 1999 онд баталсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийг эхлээд заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эвлэрүүлэн зуучлалд хамруулах зохицуулалт бий. Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь хуульд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх ажиллагаа. Үүнийг иргэний хэрэг, хөдөлмөрийн болон гэр бүлийн холбогдолтой маргаанд хэрэгжүүлдэг юм.
Одоогоор манай улсад 46 эвлэрүүлэн зуучлагч, туслахын хамт ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эвлэрүүлэн зуучлагчид нийт 6615 өргөдөл шийдвэрлэсний 4346 нь иргэний эрх зүйн, 2160 нь гэр бүлийн, 26 нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 83 нь урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан өргөдөл, нэхэмжлэл байжээ. Үүн дотроос гэр бүлийн эрх зүйн нийт маргааны ердөө 13.2 хувьд нь эвлэрэл амжилттай, 86.8 хувьд амжилтгүй болжээ. Гэтэл иргэний маргааны 86.1 хувьд нь эвлэрүүлэн зуучлал амжилттай болсон байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан 2014-2020 оны шүүн таслах ажиллагааны тайлангаас үзэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа иргэний хэрэг, маргаанд үр дүнгээ өгч байгаа боловч гэр бүлийн холбогдолтой маргааны хувьд нэр төдий байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн маргааны 85 хувиас дээш хэрэгт нь амжилтгүй болж буй гэсэн үр дүн гарчээ.
Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай, сэтгэлийн хаттай байх ёстой юм билээ хэмээн эл чиглэлээр олон жил ажилласан нэгэн хуульч ярив. Хоёр тийш болохыг хүссэн хосод мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж шаардлагатай бөгөөд харамсалтай нь манай улсад энэ чиглэлээр зөвлөгөө өгөх сэтгэл зүйч тун ховор. Шүүхийн ерөнхий зөвлөлд ажилладаг хоёр сэтгэл зүйч долоо хоногт нэг удаа, хүмүүст эл төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байв. Харин саяхнаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрханы Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр сэтгэл зүйч ажиллуулахаар болжээ. Цаашид эвлэрүүлэн зуучлагч нар эрх зүйч мэргэжилтэй гэхээс илүүтэй сэтгэл зүйч байх нь тухайн хосод илүү туслах боломжтойг хуульчид хэлж байна. Учир нь салах өргөдлөө өгсөн хосод доод тал нь 4-6 удаа уулзсаны дараа л эхний үр дүн “цу¬хуйдаг” байна. Ядаж нэг нэгнээ ойлгож, алдаагаа ухамсарласны дараа сэтгэлд нь үлдсэн шархыг анагаах хугацаа шаардлагатай аж. Гэр бүл салалтын цаана хамгийн ихээр хохирч үлддэг хүүхдүүдэд ч эцэг, эхийнх нь сэтгэл эдгэрэх нь ээлтэй юм.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС 25 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Манай улс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхлэхээр хуульчилсан. Гэрлэлт цуцлуулах тухай болон үүнээс үүдэх хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой маргаан сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай нь шүүхийн статистик мэдээнээс харагдаж буй. Үүнийг шийдвэрлэхийн тулд дагнасан шүүх хэрэгтэй хэмээн үзэж, бэлтгэл ажлаа базааж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан нэмэгдэж байгаа учраас мэргэшсэн хүмүүс ажиллаж, “аварч үлдэх” буюу хосыг эвлэрүүлэх арга хэмжээ авахын төлөө чармайх гэнэ. Ингэхдээ хүчирхийлэлтэй холбоотой гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан бол эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ шаардлагагүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуульд бие махбодын хүчирхийлэлд өртсөн, эсвэл хохирч болзошгүй нөхцөлд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах талаар заасан. Энэ нь хэт өрөөсгөл байв. Тухайлбал, сэтгэл санаа, санхүүгийн хүчирхийллийг тооцоогүй гэсэн үг. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д заасан гэмт хэргийн хохирогч болсон, эсвэл болзошгүй тохиолдолд тухайн гэрлэлтийг дуусгавар болгохоор тусгасан байна. Энэ нь хүний сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдлийг харгалзан үзэх буюу хүчирхийллийг даамжрахаас сэргийлсэн чухал алхам гэдгийг салбарынхан нь онцолсон. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг хуулийг баталсны үр дүнд нь гэр бүл салалтын тоо буурч, хүүхэд эцэг, эхийнхээ аль нэгийг гэх хатуу сонголттой нүүр тулахгүй байх, эсэхийг цаг хугацаа харуулах биз.
Гэхдээ хүчирхийллийн сүүдэр байгаа бол “заавал эвлэр” гэж тулгах нь хүний эрүүл мэнд, аминд ч эрсдэл учруулж болзошгүй. Ийм харамсалтай явдал ч цөөнгүй. Ганц жишээ хэлэхэд, хэдхэн сарын өмнө “Gem mall” худалдааны төвд нөхрийнхөө гарт хэрцгийгээр амиа алдсан эмэгтэй салах өргөдөл гаргасан, эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлж байсан гэдэг. Энэ мэтээр хүчирхийлэлд өртөж, аврал эрэн шүүхэд хандсан эмэгтэйчүүдийг араатны гарт буцаах, хуулийн хүрээнд хамааралгүй болгоход цаг алдах тохиолдол гарсаар. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 30 хоног байдаг ч “ажиллах” шаардлагатай гэвэл дахиад ийм хугацаагаар сунгах эрх зүйн зохицуулалттай. Мөн шүүх тухайн хосод эвлэрэх орон зай үлдсэн гэж үзвэл нэмж гурван сарын хугацаа өгдөг аж. Энэ нь хүчирхийллийг даамжруулах, гэмт этгээдийг өөгшүүлэх боломж олгож байна уу. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа “Хэрэв гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, байсан нь нотлогдсон бол эвлэрүүлэн зуучлалаар оруулахгүй, шууд гэрлэлтийг цуцлах хуулийн зохицуулалт байдаг. Энэ тохиолдолд хүчирхийлэлд өртөж байснаа нотлох үүрэг хохирогчид ногддог. Өмнө нь цагдаа, шүүхэд хандаж байснаа нотлох ёстой гэдэг. Гэтэл олонх нь цагдаад хандаагүй, баримтаа цуглуулж чадаагүй байдаг. Иймд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд баримтжуулах, хамтарсан баг, нийгмийн ажилтан, цагдаад мэдэгдэж байх нь чухал юм. Нотлох баримтгүй бол эвлэрүүлэн зуучлалаар орохыг шаардаж буй нь хохирогчийг улам хохироож байна” гэв. Мөн тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, 26 жилийн “настай” хуулийг шинэчлэн найруулж, хүндээ ээлтэй байх олон шинэлэг зохицуулалтыг тус гасныг сайшаасан. Боловсрол, соёл, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллагын оролцоо харилцан адилгүй, уялдаа холбоо сул учир хуулийн хэрэгжилт үр дүн муутай байгааг дурдсан. Тэрбээр “Гэр бүлийн маргаан, асуудлыг шийдвэрлэх хууль нь бий ч маш олон хүн гэр бүлийн орчинд хүчирхийллийн улмаас амиа алдаж, гэмтэж байна. Оны эхний есөн сард гэхэд л 25 хүн амиа алдсан. Сүүлийн найман жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 9000 орчим хүн гэмтлээ. Амиа хорлолтын 50 гаруй хувь гэр бүлийн маргаанаас, хүүхдийн хүчирхийллийн 70 гаруй хувь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна Архидалт, ажилгүйдэл, ядуурал, хүчирхийллийн суурь шалтгаан болсон ёс суртахуун, тэгш байдлын талаарх ойлголт, мэдээлэл өгөх ажил хийхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг гааруулдаг” хэмээсэн. Нэг ёсондоо эвлэрүүлэн зуучлалын “цоорхой”-г шинэ хууль нөхөж чадах, үгүйг харах л үлдэж.
Г.ЭНХТУЯА: ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛСНААР ГЭР БҮЛИЙН ШИНЖЭЭЧТЭЙ БОЛНО
Монголын хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Г.Энхтуяагаас зарим зүйлийг тодруулав
-Шүүн таслах ажиллагааны тайлангаас үзэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэний хэрэг, маргаан дээр үр дүнгээ өгдөг боловч гэр бүлийн холбогдолтой маргааны хувьд төдийлөн үр дүнд хүрдэггүй буюу 85-аас дээш хувь нь амжилтгүй болжээ. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл гэвэл?
Гэр бүлийн маргааны тухайд 85-аас дээш хувьд нь амжилтгүй дуусгавар болсон гэдэг нь гэрлэгчид хоёр талаасаа гэрлэлт цуцлахаа зөвшөөрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн тохиолдлыг хэлж байгаа юм. Энэ нь тусдаа амьдраад удсан, өөр гэр бүл зохиосон гэрлэгчдийн хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй байгааг харуулсан үзүүлэлт болж буй. Тиймээс энэ нөхцөл байдлыг олж харж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд шийдлийг тусгасан зохицуулалтуудыг суулгажээ.
-Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандаж буй хүмүүсийг эхлээд заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эвлэрүүлэн зуучлалд хамруулах нь албадлагын шинжтэй, хатуу зохицуулалт гэж хуулийн салбарынхан шүүмжлэх нь бий.
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд ийм зохицуулалт бий. Дээр дурдсанчлан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдэд уян хатан зохицуулалтууд харагдаж байгаа юм. Олон нийтэд нээлттэй байршуулсан байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Шүүхээс гэрлэлт цуцлах тусгай журам”-ын зохицуулалтыг тусгаж, гэрлэгчдийн хэн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон, эсхүл болзошгүй тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болох талаар тусгасан байна.
-Манай улсын Засгийн газраас Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг 2026 онд байгуулна гэж мэдэгдсэн. Ийм шүүхтэй болсноор ямар өөрчлөлт гарах вэ, ялангуяа эвлэрүүлэн зуучлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
-Гэр бүлийн маргаанаар дагнасан эвлэрүүлэн зуучлал одоогоор манай улсад байхгүй. Тус шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүх, эвлэрүүлэн зуучлал бий болно. Түүнчлэн шүүхэд гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, олон улсын сайн туршлага нутагшуулах эерэг өөрчлөлтүүд харагдаж байна.