2010 оны БАЛДОРЖ шагналд “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Ш.Даваадорж “Монголын хатги бэтэгтэй сэтгүүл зүй”, “Би ирлээ” нийтлэлүүдээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүү¬ дээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2010 онд хоёр дахь удаагийн БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулахад “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Шатарбалын Даваадорж “Монголын хатги бэтэгтэй сэтгүүл зүй”, “Би ирлээ” нийтлэлүүдээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм. 2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой.
Монголын сэтгүүл зүй маш их бохирджээ. Яг үнэндээ бохирдсон гэхээсээ бузарт¬сан гэвэл илүү оновчтой баймаар ч, ийн хэлж үл зүрхлэв. Хэн нэгнээс айсандаа бус, өөрийн эрхгүй харамсан гутравч өмөөрөх сэтгэлийг бас яалтай билээ.
Би юунд ч ингэтлээ гутаж, шаналж, нервтэж явсангүй ээ! Монголын сэтгүүл зүй аймшигтай бохирдсоныг, сэтгүүлч хэмээн өөрийгөө нэрлэсэн энэ олон зуун “найзууд” ямар ичгүүргүй болсныг хэлэхгүйгээр цааш удаан тэвчиж явж чадашгүй нь ээ!
Ичиж үхэхэд ч багадмаар заримдаа санагддагийг нуух юун. Бусдын өмнөөс ичих шиг, шаналах шиг там байдаггүй ажээ. Монголын сэтгүүл зүйн гал тогоонд анх орж ирснээс минь хойш яг 14 жил өнгөрч байна. Төрийн төв хэвлэл, “Ардын эрх”-ийн босгыг давж, түүнээс салаалан “Өнөөдөр” сонин гал голомтоо асаах тэр цаг үед Ц.Балдорж, Б.Лигдэн, Б.Пүрэвдаш нарын жинхэнэ ясны, мэргэжлийн сэтгүүлчдийг бараадан дагах хувь тохиосныг насан турш үл мартан, омогшиж явах болно. Энэ бол миний юутай ч зүйрлэмгүй нэгэн бахархал. Тэр үед сэтгүүлч, сэтгүүл зүйн хэн хэн нь одоогийнх шиг байгаагүй юм. “Сэтгүүлч” гэдэг миний хувьд ямар эрхэм үг болохыг энэ цаг үед тайлбарлаад ойлгох нэгэн ховор биз ээ. Шуудхан хэлэхэд одоо ч би өөрийгөө сэтгүүлч гэж тодотгохоосоо эмээдэг. Миний хэмжүүрээр энэ эрхэм алдар тэртээ өндөрт оршдог болохоор тэр. Тэр хэмжээнд хүрч чадсан гэж бодож зүрхэлдэггүй. Учир нь жинхэнэ сэтгүүлч гэж миний боддог тун цөөхөн хүн байдаг юм. Тэдний хэмжээнд, тэдний энтэй болж байж сэтгүүлч гэж өөрийгөө тоож, сэтгэлээ амраана гэж зорьдог. Хэсэг хугацаанд амьдралын зам мөрөө даган сэтгүүл зүйгээс хөндийрсөөн.
Эргээд ирэхэд миний хүсэл, мөрөөдөл, итгэл үнэмшил, бахархал оргүй арчигдсан байхыг харлаа.
Би сэтгүүлчийн хөдөлмөр ямар хүндийг гадарлана. Ямар бахархалтайг мэднэ. Сэтгүүлчдийн эдийн засаг, нийгмийн баталгаа ямар ядруу болохыг ч мэддэг. Монголд хамгийн бага цалинтай хүмүүс сэтгүүлчид гэдгийг зөвшөөрнө. Тэгэхдээ хамгийн өөдрөг, гэгээлэг, бусдыг, нийгмийг гэгээрүүлэх, ухааруулахын төлөө ямар ч гуниггүй, шуналгүй, хоёргүй сэтгэлээр жигүүрлэн дэрвэлзсэн хүмүүс гагцхүү сэтгүүлчид байсныг санагалздаг. Тийм л байсан юм.
Одоо бол би ингэж хэлж чадахгүй ээ. Дөнгөж сургууль төгссөн (их, дээд сургууль гээд байгаа юм шүү дээ) нусгай юмнууд сонинд ганц мөр тавьж үзээгүй байж өөрсдийгөө сэтгүүлч гэж ямар ч ичгүүргүйгээр нэрлэж чадаж байна. Аль ч сонины редакц мэргэжлийн гэж хэлж болох боловсон хүчний гамшигт нэрвэгдээд байгаа. Зөвхөн сонин гэлтгүй мэдээллийн бүхий л салбарт жинхэнэ толгой өвтгөсөн зовлон энэ юм.
Гайхалтай юм шүү. Монголд сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй сургууль байдаг, жил бүр 400-500 “сэтгүүлчийг” “үйлдвэрлэж” байдаг ч хэдхэн тоотой редакцууд жинхэнэ боловсон хүчнээр хомсодсон хэвээр.
Спортын сэтгүүлчээр мэргэшиж төгслөө хэмээн том, том ярьсан хэдэн залуу манай редакцад ирсэн юм. Чөлөөт бөх, жүдо хоёрыг тэд ялгахгүй байсан гэвэл баргийн хүн итгэхгүй дээ. Тэгсэн хэрнээ монголоос өөр хэл мэдэхгүй гэж нэрэлхэхгүй ярьж чадаж байв. Хэл мэдэхгүй бол спортын сэдвээр юу бичих болж байна вэ гэхэд “үндэсний бөх, морь, сур бичнэ ээ” гэж туудаг байгаа.
Онц төгссөн, гялгар нь дэндсэн диплом барьсан охид, хөвгүүд энэ хугацаанд манай сонины редакцад хэчнээн олон ирэв ээ!
Тэднээс манай шалгуурт тэнцсэн хүн тун цөөн, тоолбол гарын таван хуруу ч олдох ганц, нэг л байдаг юм. Сэтгүүлч бол бусдаас тү¬ рүүлж сэтгэдэг, сэтгэсэн нь ямагт нийгмийг гэрэл гэгээ, хөгжил дэвшил, танин мэдэхүй, гэгээрэлд уриалан дуудсан хүчин зүйл болдог байх ёстой гэж би боддог юм.
Монгол хэл, бичгээрээ ч зөв ярьж, бичиж чадахгүй, шуудхан хэлэхэд зургаа, долоодугаар ангийн л боловсролтой нөхөд сэтгүүлч хэмээн давхиж явах юм. Ямар аймшиггүйгээр сэтгүүлч гэж нэрлэж, бичиж чадна вэ?
Энэ цаг үед өгүүллийн эхэнд дурдсан эрхэм хүмүүсийг өөрийн эрхгүй үгүйлдэг юм.
Саяхан даа, цагдаад ажилладаг миний нэг танил надад “Танай сэтгүүлчид ядуу зүдүү, цалин бага л гээд байдаг. Та нар шиг баян хүмүүс байдаггүй юм билээ шүү дээ. Хадгаламж, зээлийн хоршоонууд ээлж дараалан дампуурч байхад зуу, зуун саяар нь мөнгөө алдсан хохирогчдын олонх нь сэтгүүлчид байсан” хэмээн хэлсэн юм.
Миний гайхшийг хамгийн их бардаг асуудлын нэг энэ үнэхээр мөн л дөө. Одоо цагийн сэтгүүлчид дотор цалингаараа хаус бариулаад, 70-80 мянган долларын машин худалдаж аван, хөлөглөөд давхиж явах хүн бий гэж үү.
Магадлал бараг үгүй ээ! Тэгвэл сонин хэвлэлд үсрээд 10-аад жил ажиллаж байгаа “найзууд” яаж ингэж хөлжиж чадаад байна вэ? Би хэн нэгэнд атаархаж хорсоод, өөрөө арчаагүй нэгэн болоод ийн бичиж буй юм биш ээ! Миний хамгийн айж, хардаж сэжиглэж, цэрвэж байгаа зүйл энэ юм. Сэтгүүл зүйн үндэс болсон шударга, бодитой, идэвхтэй байх зарчим Монголын сэтгүүл зүйд үгүй болж, үүнийг мэдсээр атлаа өөгшүүлээд буйд эмзэглэж байна.
Рекэтлэх буюу бусдыг дарамтлах, сүрдүүлэх, хэн нэгний захиалгаар бичих, санасандаа хүрэхийн тулд бусдыг гүтгэх, доромжлох явдал нийтлэг болсон нь эмзэглүүлж байна. Тэр ч бүү хэл, зохион байгуулалттайгаар мэдээлэл бэлтгэн цацаж, мөнгө олдог сүлжээ сэтгүүл зүйд үүссэнийг бид бүгдээрээ мэддэг атлаа юунд дуугүй байцгаадаг юм бэ?
Сэтгүүлчид бид өөрсдөө ийм байж яаж бусдыг шударга бай, үнэнч бай, боловсрооч, гэгээрээч гэж бичих юм бэ? Бид ийм байж яаж ардчилал, шударга ёс, нийгмийн үнэ цэнтэй болгоныг өмгөөлөн хамгаалсан үнэнч хоточ нохой байж чадах юм бэ? Яг өнөөдөр нийгмийг хамгийн муухайгаар хордуулж, ард түмний тархийг угааж байгаа бүлгийг сэтгүүлчид оройлон тэргүүлж байгаа гэвэл хэтрүүлэг биш. Би ингэж хэлж чадна. Заргалдах нэг нь заргалдаг.
Сэтгүүлчид бид ямар их авлигад дуртай болоо вэ? Сэтгүүлчид бид ямар увайгүй болоо вэ?
Төрийн өмчит байгууллага, харьяа газруудын талаарх факт, баримтыг тэвхийтэл нь цуглуулж ширээн дээрээ өрчхөөд “Манай сониныг захиал”, “Реклам сурталчилгаагаа өг” хэмээн тэдгээр байгууллагын дарга нарыг дуудан дарамталж байгаа “найзуудын” тухай чих халууцуулам мэдээ дуулдаж байна. Энэ бол сэтгүүл зүй биш ээ. Энэ бол сэтгүүлчдийн хийдэг ажил, арга барил, ёс зүй биш. Монголын сэтгүүл зүйд бүрэлдсэн тэр их эрх чөлөө, тэр их боломж ийм танхай балмад, увайгүй, ёс зүйгүй болж байгааг хэн хэлж, ямар нь засаж залруулах ёстой юм бэ?
Бусдын хөдөлмөрийг хулгайлан, ямар ч санаа зовсон шинжгүй нэрээ тавьчхаад сэтгүүлч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг болсон энэ цаг үеийг бид хэдий болтол тэвчих вэ?
dandaa.mn” гэдэг сайтыг энд би бусдын хөдөлмөрийг хувалз мэт сорон, амь зуудаг хулгайч нарыг төлөөлүүлэн дурдмаар байна. “Өнөөдөр” сониныг бүтээж буй хамт олны минь хөлс хөдөлмөрийг энэ сайт олон удаа хулгайллаа. Тэд манай сонины дугаарыг гарсан өдөр нь тэр чигээр нь хуулаад сайтдаа тавь¬ чихдаг юм.
Хүн хэлээрээ, мал хөлөөрөө хэмээн учирлаж хэлж үзлээ. Өмнөөс бараг “салаавч” үзүүлж байна шүү дээ. Бүх л сайт ийм аргаар амьдардаг юм чинь хэмээн манартал өмнөөс туудаг байгаа.
Монголын сэтгүүл зүй нэг иймэрхүү булингартай болжээ. Бид одоо л хамтран тэмцэж, ёс зүйгүй, увайгүй, айлган сүрдүүлсэн, захиалгатай бичлэг, гүтгэлэг хийж мөнгө өгч, авалцсан энэ заваан сүлжээг эвдэж, шахан зайлуулахгүй бол нийгэмд ямар их хор хохирол учруулахыг төсөөлшгүй ээ!
Өнөөдөр “Би сэтгүүлч” гэж бардам хэлэх хүн тун цөөхөн бий шүү дээ. Ингэж хашхирахаасаа бусад нь ичих ёстой. Хаана болох, бүтэхгүй хуйвалдаан, заваан махинац болно тэнд “сэтгүүлч” хэмээн цээжээ дэлдсэн нөхөд хутгалдаад явж байдаг болж. Бид тийм юманд хутгалдах ёсгүй. Харин тэр бүхнийг илчлэх, зөв мэдээлэхийн тулд бас хоцрохгүй байх ёстой гэж ойлгодог. Бид нийгмийг ардчилал, гэгээрэлд хүргэх үүргээ л шударга гүйцэтгэж баймаар байна.
“Limitation of harm” буюу муу муухай бүхнийг хязгаарлах нь бидний үүрэг. Бид нийгмийн сайн сайхны төлөө хуцдаг хоточ ноход болохоос биш, хээрийн чонотой нийлэн хутгалдаж, хотондоо халддаг золбин байж болохгүй ээ!
Бид бие биеэ, хэн нь хэн бэ гэдгээ дэндүү сайн мэднэ. Ингэж бичсэний төлөө магадгүй өчнөөн дайралт, дарамтыг сэтгүүлч биш “сэтгүүлчдээс” ирэхийг ч мэдэж байна.
Монголын сэтгүүл зүйд маш муухай хатги, бэтэг үүсжээ. Үүнийг томруулах аваас нэн аюултай. Олгой дотроо хагарахаар яадаг билээ. Энэ идээ бээрийг эртхэн хагалж, шахах хэрэгтэй байна. Юутай ч энэ хатгийг хагалахыг хүсэж, зүслээ. Бүгдээрээ хамтдаа улам томруулан зүсэж, идээ бээрийг нь шахаад зогсохгүй бүр гэрийг нь гаргах хэрэгтэй байна. Ингэж байж л сая бохирдож, бузартсан сэтгүүл зүйн салбар эрүүлжих, найдвартай эмчилгээ авах боломжтой болох буй за.
Ш.Даваадорж