2010 оны БАЛДОРЖ шагналд “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Ш.Даваадорж “Монголын хатги бэтэгтэй сэтгүүл зүй”, “Би ирлээ” нийтлэлүүдээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүү¬ дээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2010 онд хоёр дахь удаагийн БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулахад “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Шатарбалын Даваадорж “Монголын хатги бэтэгтэй сэтгүүл зүй”, “Би ирлээ” нийтлэлүүдээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм. 2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “амилж”, улс төрд “I am back” хэмээн чангаар зарлаж эргэн ирж байна. Монголын улс төрд энэ хүн үнэхээр “терминатор” лугаа байгаад, “терминатор” лугаа буцаад ирлээ. Маш их өөрчлөгдсөн нь эргэн ирснээ зарлаж буй үгнээс нь мэдэгдэж байна. Тэр асар их “засварыг” өөртөө хийсэн бололтой. Энэ удаа улс төрийн “хүн робот” тэгээд хэр удаан, төгс ажиллах, эсэх нь харин бүү мэд. Монголд яг үнэндээ түүн шиг хүчтэй хувь хүн, тэр тусмаа улс төрч байхгүй ээ. Ардчилсан, хувьсгалт намын аль алинд нь үгүй. Хүсэл зорилгодоо хүрэх эрмэлзэл, арга, бодлогоороо түүнтэй дүйцэх улс төрч хэн байна вэ. Маш хүчтэй учраас энэ хүн Баабарын өгүүлдэгчлэн жирийн нэг орчуулагчаас хэмжээлшгүй эрхт “хаан” болтлоо өсөн замнаж, Монголын хамгийн хүчтэй, нөлөө бүхий улс төрийн бүлэглэлийг (намыг) олон жил хянаж, “хямгадаж” ирлээ. Одоо ч түүний нөлөө шавхагдчихаагүй хэвээр.
Маш хүчтэй учраас түүнд олон дайсан бий болсон. Тойрон хүрээлэгчид, зусардагчид ч эгнээ, эгнээгээрээ зузаарсан. Соёлын яамны сайдаас, Монгол Улсын Ерөнхийлөгч болтол (парламент, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж үзсэн ганц хүн) явсан, 1990-ээд оны дунд үеэс 2009 он хүртэлх үе бол Чарльз Диккенсийн “Хоёр хотын тухай тууж”-д гардагчлан Н.Энхбаярын хувьд “Хамгийн сайхан, бас тэгээд хамгийн муухай цаг үе” байв даа. Харин одоо түүнийг эргэн ирэхэд хэн хүлээж тосох нь ойлгомжгүй байна. Түүнээс нийгэм айж, болгоомжилдог байсан. Тэр айдас болгоомжлол нь одоо ч хэвээрээ. “Арайхийж түүнээс саллаа” гэх амсхийлт зөвхөн АН, МАХН-д байсан гэвэл худлаа. Ард түмэн түүнээс салахын тулд л Ц.Элбэгдоржийг сонгосон юм. Харин үүнийг нэгэн цагт Чингис хаанаас хойших Монголын түүхэнд тодорсон үндэсний агуу удирдагч хэмээн нэрлэгдэж, нэрлүүлж явсан мань хүн мэдрэхгүй байх шиг байна. Жеймс Кэмероны терминатор эргэн ирэхдээ, урьд нь хөнөөх гэж улайрч байсан дайснаа хамгаалж, өөрийн “нутаг нэгтнийхээ” эсрэг тэмцсээр хэн хэнийгээ хөнөөгөөд дуусдаг үйл явдлыг Н.Энхбаяр одоо давтах бололтой. Түүнийгээ ч ил тодоор зарласан. Гол хохирогч нь МАХНын Удирдах зөвлөл, тэр тусмаа байр сууриа тавих дургүй “ахмадууд” болох болов уу. Тэдний олонх бараг тэсэж үлдэхгүй биз дээ.
Энэ хаваржин бужигнасны эцэст МАХН-ын Удирдах зөвлөл залуужиж, шинэчлэгдсэн байвал гайхах зүйлгүй. Яг үнэндээ Н.Энхбаяр санаж бодож байгаа шигээ одоо намаа дахин эзэрхийлж чадах нь юу л бол.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нам миний эсрэг ажилласан, нөхөн сонгуульд нэр дэвшүүлээгүй хэмээн түү ний гомдоллож байгаа нь эргээд өөрийг нь ичгэвтэр байдалд оруулчихлаа. Унасныг нэмж өшиглөдөггүй монголчууд уг нь түү ний нүглийг мартагнаж байсан ч эргээгээд өөрөө сэдрээчихлээ. Тэрбээр алдаа гарга чихлаа.
Сонгуулийн дүнг соёлтой нь аргагүй хүлээн зөвшөөрсөн шигээ байж чадсангүй. Маш ихээр хонзогнож явсан нь харагдлаа. Яс юман дээрээ Н.Энхбаяр л биш бол түүний оронд хэнийг ч МАХН-аас нэр дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр гараад л ирэх байсан. Тэр тусмаа сэхээтэн, оюутан, залуусын дунд Н.Энхбаярын нэр хүнд тун ч базаахгүй болчхоод байсан. Бүх зүйл мэдрэмжээс эхтэй байдаг шүү дээ. Урьдын хүчирхэг, нөлөөтэй Н.Энхбаяр биш болсон тохиолдолд түүний улс төрд эргэн ирж буй дүр байдал өөрт нь ашигтай байж чадах уу гэдэг эргэлзээтэй. Бараг л үгүй дээ. Үүнийг тэрбээр тооцоолоогүй гэвэл юу л бол. Гагцхүү өөрийг нь “тоглоомоос” шахсан нөхдөөс, намаасаа хонзон авахаар “программчлагдаад” эргэн ирсэн болов уу.
Ядуу гачуу олны дунд элбэг дэлбэг, эзэн хаан шиг хүн ганцхан тэр байсан болохоор энэ бүхэнтэй эвлэрэх тун хэцүү байдаг биз. Н.Энхбаяр шиг эрх мэдлийн бүх л шатыг дамжсан хүнд ийм гоомой, хөнгөнөөр дуулиан тарьж, (МАХН-ын дарга байсан хүн) улс төр лүү эргэн зүтгэх ямар шалтгаан байсан байх вэ гэдэг сонирхолтой санагдаад байгаа юм. Юм боддог, ёс зүйтэй нэгэнд ичгүүртэй ч юм шиг. Дэлхийн улс орнуудын жишигт Ерөнхийлөгч байсан хүн жил хүрэхгүйн дотор Парламентын гишүүн болох гэж, тэр тусмаа нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зүтгэсэн тохиолдол байгаагүй юм билээ. Үнэхээр Мугабе мэтийн цайчихсан дарангуйлагч л биш бол шүү дээ. Тэднээс л тийм араншин гардаг. П.Очирбат, Н.Багабандийн хэнд нь ч ийм “зүрх” байгаагүй. Тэгээд ч тэд эрхэмсэг үлдсэн.
Н.Энхбаярын туулсан улс төрийн карьерын амжилтыг эрх мэдэлд хүрэхийн тулд хэнтэй ч нөхөрлөж, бас хэнийг ч замаасаа өрөвдөхгүйгээр зайлуулж чаддагт оршдог гэж ярьдаг. МАХН-ын олон залуус түүнд дөрөө болж ивэгдсэн нь үнэн. Тэр цагт төр гэдэг бараг л Н.Энхбаяр болж байсан юм шүү дээ. МАХН-ын хувь заяа одоо түүнд үнэндээ падгүй болсон. Гагцхүү улс төрийн эмц цэгцгүй, зах хязгааргүй бужигнаан өдөөж, “од” шүүрэхийг эрмэлзэн тэрбээр эргэн ирж байна гэвэл нэг их ташаа болохгүй л болов уу. Түүнд улс төрөөс ангид налайж сууж байж чадамгүй тун ноцтой шалтгаан ч юм уу, айдас байна, тийм үү. Магадгүй тэр зорилгодоо хүрч мэдэх. Яагаад гэвэл МАХН-ынхан бүхэлдээ хулчгар агаад лидерүүдээсээ ухаанаа тавьтал айдаг хүмүүс. Иргэн Н.Энхбаярыг одоо ч “дарга” гэж дуудсан хэвээр. Тэр энэ бүхнийг харин дэндүү сайн мэдэж байгаа даа.
Ш.Даваадорж
2010 он