Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан “Bill farrell memorial” тэмцээнд оролцсоныхоо дараа хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн. Эрэгтэйчүүд баг ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлагад Филадельфи хотын Пенсильванийн болон Лихай их сургуулийн бүсийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд хамрагдав. Харин эмэгтэйчүүдийг Ардын багш, дасгалжуулагч С.Сүхбаатар ахлан “Колорадо спрингс” олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл базаажээ. Эрэгтэй тамирчид дээрх тэмцээнээс нэг мөнгө, хошой хүрэл, эмэгтэйчүүд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнийг бид өмнө мэдээлсэн билээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд эрэгтэйчүүдийг өнгөрсөн гуравдугаар сард ӨМӨЗО-ны Хөх хотод, тавдугаар сард ОХУ-ын Дагестанд хамтарсан бэлтгэл хийлгэсэн юм. Тэгвэл эмэгтэй чүүдийг улсдаа дэлхийн чансаа олгох тэмцээний өмнө Төв аймгийн “Чампионс” бааз, долоодугаар сард Японы дасгалжуулагч Казухито Сакайг Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар авсны үр дүнд аравдугаар сард улсдаа урьж, хамтарсан бэлтгэлд амжилттай хамруулав.