Румыны КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Николае Чаушескуг гэргий Еленатай нь хамт 1989 оны эцсээр мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаа явуулалгүйгээр буудчихсан билээ. Тэгээд эрх мэдлийг аваад байсан хүмүүс тэдний шарилыг өөр нэрээр яаравчлан булж орхисон аж. Хожим нь хэрэг болно хэмээн ямар нэг таних тэмдэг ч тэнд үлдээсэнгүй. Дэлхийн коммунист хөдөлгөөний удирдагчдын нэг, 20 сая хүнтэй Румын улсыг 25 жил (1965-1989 онд) удирдсан хүний цогцсыг чухам хаана оршуулсныг тун цөөн хүн мэддэг байв. 20 жилийн дараа сая л тэдний шарил нууц байхаа болилоо. Чаушескугийн гэр бүлийнхний шарил мөн бишийг таних ажилтай холбоотой түүх таван жилийн өмнөөс эхэлсэн байна.

Чаушескугийн өргөмөл хүү Валентин, хүргэн Мирча Опран нар хөөцөлдсөөр шарилуудыг хөндөх зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сард авчээ. Шарилууд их муудаагүй байж. Валентин Чаушеску талийгаачдыг хувцсаар нь таньсан гэнэ. Мирча Опран ч хадам аав, ээжийнх нь шарил мөн хэмээн хүлээн зөвшөөрчээ. Шарилуудыг одоо Христос шашны ёсоор дахин оршуулах юм байна.
Шарилуудыг нарийн шинжилж тогтоох ажил цаад тал нь хагас жил үргэлжлэх бололтой. Эл хоёр хүн амьсгал нэгэнт хураасан болохыг албан ёсоор нотолсны дараа тэдний өв хөрөнгийг залгамжлахын төлөөх өрсөлдөөн эхлэх эрх үүсэх аж. Одоогоор Румыны дүрслэх урлагийн музейд байгаа уран зургийн “Кондукатор” хэмээх цуглуулга нь л гэхэд өнөөгийн ханшаар хэдэн сая доллараар үнэлэгдэх эд гэж үзэж байна.
1989 оны арванхоёрдугаар сард Румынд болсон хэрэг явдлаас хойш 20 жил өнгөрсөн ч түүний олон зүйл нууц байсаар. Жолоодогч хийгээд түүний гэргийг өчиггүй буудсантай холбоотой зарим нэг зүйл саяхнаас ил болж байна. 1989 оны арванхоёрдугаар сарын 20-нд Унгартай залгаа Румыны Тимишоар хотод олон түмний бослого хөдөлгөөн гарсныг нухчин дарсан юм. Хоёр хоногийн дараа Чаушеску олон түмний өмнө сүүлчийн удаа гарч КН-ын Төв хорооны байрны сэхээвчин дээрээс цуглаанд оролцогсдод хандаж үг хэлэх гэж оролдоод бүтсэнгүй.
Олон түмний эсэргүүцэлтэй тулгарч, байшингийн дээвэр рүү гүйн гарч тэндээсээ нисдэг тэргэнд суун Снагов хот руу одов. Бослого дарагдахаар буцаж ирнэ гэж найдаж явжээ. Гэтэл маргааш нь Румыны цэргийн хэн босогчдын талд орсон байлаа. Николае, Елена хоёрыг баривчилж, цэргийн нэг ангид байлгаж байгаад 25-ны өглөө цэргийн шүүхэд аваачив. Тэднийг ард түмнээ хоморголон хядах ажиллагаа явуулсан гэж яллав. Тэгээд оноосон ялыг тун удалгүй буюу 15.00 цагт хэрэгжүүлж буудан хороолоо.
Уг ялыг гүйцэтгэхэд оролцсон хүмүүсийн нэг болох десантын цэрэг Дорин-Мариан Чирлан уг явдлыг “улс төрийн аллага” хэмээн одоо үзэж байна. Тэрбээр “Таймс” сонины сурвалжлагчтай энэ талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцсан аж. Түүний ярьснаар бол Чаушескуг “шүүх” ажиллагааг генерал Виктор Станкулеску гэгч зохион байгуулжээ. Энэ генерал Елена Чаушескугийн их дотнын нэгэн, түүний ивээлд багтдаг хүн байсан бололтой.
Гэвч Румыны зэвсэгт хүчнийг удирдах эрхийг авмагцаа хуйвалдагчдын талд орсон байна. Чаушеску, Елена хоёрт оноосон ялыг гүйцэтгэх хүмүүсийг тэрбээр өөрөө сонгож авсны дотор энэхүү Чирлан оржээ. Тэднийг буудахын өмнө хэдэн цаг үргэлжилсэн, урьдаас төлөвлөсөн шүүн таслах ажиллагаархуу юм хийжээ. Мэдээж энэ ажиллагаа аливаа хуулийг зөрчиж, эхнээсээ эцсээ хүртэл “жүжиг” мэт байж.
Тухайлбал, Чирланы ярьснаас үзвэл Чаушескуд оноож өгсөн өмгөөлөгч нь түүнийг хамгаалах биш харин ч яллах үүрэг гүйцэтгэжээ. Түүгээр ч барахгүй тэдэнд оноосон ялыг эсэргүүцэж гом дол гаргах 10 хоногийн хугацааг ёс төдий олгосон бөгөөд ялыг нэн даруй гүйцэтгэхээр тогтоолд заасан болохоор дээд шатны шүүхэд гомдол гаргах боломж ч Чаушеску нарт үнэндээ байсангүй. Цэргийн “шүүхийн” шийдвэрийг агаарын цэргийн 64 дүгээр хорооны дайчид гүйцэтгэсэн аж. Тус хороо уг нь Румыны төрийн томчуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байв.
Чаушеску буудуулахынхаа өмнө “Бид та бүхнийг өсгөж торниулсан юмсан. Одоо тэгтэл биднийг нохой шиг үзэж буудах нь ээ. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж байх шив” гэж салааны захирагч хошууч Дорин Карланд хэлжээ. Дарангуйлагч дараа нь нулимс унагасан гэнэ. Тэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор бие засах газрын хана руу чирж аваачсан байна. Тэр үед Чаушеску “Урвагчид сөнөтүгэй. Миний өшөөг түүх та нараас авах болно. Тусгаар тогтносон социалист Румын улс мандтугай” гэж хашгирчээ.
Тэгснээ “Интернационал” хэмээх дууг аялжээ. Тэднийг “Калашниковын” гэдэг алдартай автомат буугаар шүршиж орхисон байна. Бууны дуу намдахад газарт хэвтээ Чаушескугийн царайд гайхсан байдал тодорсон байсан гэдэг. Елена буудуулахын өмнө гарынх нь хүлээсийг тайлахыг шаардсан аж. Үхэгсдийн шарилын дүрсийг телевизийн оператор авч, тэр өдрөө дэлхий дахинд цацав.
Тэгэхдээ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн хүмүүсийн царайг харуулаагүй. Үүнийгээ операторын аппаратын уртасгагч нь хэтэрхий богино байснаас цэргүүд рүү ойртож очиж чадаагүй гэж тайлбарласан байна. Цогцсуудыг тэр өдөр нь Бухарестэд аваачиж, шөнө нь “Генча” гэдэг оршуулгын газар булсан гэсэн мэдээ байдаг. Нөхөр, гэргий хоёрын шарилыг нэг дор оршуулсангүй. Бүхий л үйл ажиллагааг машид яаравчилж бас ихэд нууцалж байсны улмаас элдэв цуу дэгдсэн байна. Шарилуудыг шатаасан гэх яриа гарч. Түүнээс гадна эднийг “шүүх” ажилд шууд оролцсон хүмүүс ар араасаа амь үрэгдсээр байжээ.
Дарангуйлагчийг яллах цэргийн шүүхийн хуралдааныг даргалсан хошууч генерал Жика Попа 1990 оны гуравдугаар сарын эхээр буюу Чаушескугийнхныг цаазласнаас хойш хоёр сар гаруйн дараа Хууль зүйн яаман дахь өрөөндөө амиа хорлов.
Тэрбээр хүлцэл өчсөн бичиг үлдээсэн ч чухам юуны учир хэнээс уучлал хүсэж буй нь тодорхойгүй үлджээ. Ийм маягаар, өөр ая шалтгаар ч амь үрэгдсэн хүн гэрчүүдийн дотор цөөнгүй. Бүр ан ав хийж яваад амиа алдсан хүн ч бий. 1989 онд Румынд болсон хэрэг явдалд гадаадынхны гар хөл оролцсон гэх мэдээлэл эртнээс түгсэн. Москва үүнд гар дүрээгүй байх ёсгүй гэсэн үг тэдний дотор явж л байв. Гэвч гадаадынхны оролцоог нотлох баримт олдохгүй удсан. Харин саяхнаас олдож байх шиг. Үүний эхийг Германы баримтат киноныхон тавив. “Захиалгат хувьсгал” нэртэй киноны зургийг Румын, Унгар, Герман, Австри, Франц, Америк, Болгар, Норвегт авчээ.
Румынд тэр жил болсон үйл явдлын зохиомжийг нэлээн хэдэн орны тусгай алба, түүний дотор Америкийн ТТГ, Оросын КГБ болон Англи, Герман, Австрали, Унгарын аюулгүй байдлын албад хамтарч бэлтгэсэн талаар түүнд өгүүлсэн байна. Тэр үйл явдлыг “нэлээд хэмжээгээр Вашингтоноос удирдан чиглүүлснийг” ТТГын ажилтнууд нуусангүй.
Ард түмний уур хилэн аяндаа гарсан биш урьдаас төлөвлөсөн нууц ажиллагаа өрнөснийг тэдний яриа харуулжээ. Унгарын тусгай албад уг үйл явдлаас өмнөхөн Румыны сөрөг хүчинд зэвсэг нийлүүлснийг, энэ хүчний хүмүүс өөрийнд нь бэлтгэл, сургууль хийснийг тухайн үед Унгарын Ерөнхий сайд байсан Миклош Неметийн яриа нотолсон байна. Тэгээд зогссонгүй Румыны төрийн албаны түшмэдүүдийг Унгарын тал элсүүлж авч чадсан аж. Элссэн хүмүүсийн дотор нөгөө генерал Виктор Станкулеску оржээ. Энэ хүн Чаушескугийн гэр бүлийг нисдэг тэргээр зугтахад тусласан мөртөө цэргийн шүүхээр тэдэнд цаазын ял оноох ажлыг зохион байгуулсан байна.
Байдлаас ажиглахад Чаушеску хийгээд түүний дэглэмийн нэр хүндийг юуны урьд унагахыг хичээ жээ. Тусгай албаны олон арван хүн чухам энэ зорилгоор ажиллаж, дарангуйлагч болон түүний дэглэмийн муу муухайг “илчилсэн” материалыг дэлхий дахины мэдээллийн хэрэгсэлд аль болох ихээр түгээсэн байна. Дараа нь Чаушескуг орлох боломжтой хүмүүсийн талаар сурталчилгаа хийж, хамгийн магадлалтай нь Ион Илиеску гэх мэдээлэл хэвлэлд үзэгдээд байх болсон гэнэ.
Ийм мэдээллийг ТТГ бэлтгэн цацаж байсан нь одоо тодорхой болжээ. Эцэст нь Унгартай залгаа Тимишоар хотод болсон үйл явдлыг гол тул гуураа болгож, “Секуритате” бай гууллагын ажилтнуудын гарт энгийн олон иргэн амь үрэгдсэн гэх ойлголтыг хүмүүст өгсөн байна.
Тэр өдрүүдэд дэлхий дахины телевизээр харуулсан шарил Чаушеску, Елена хоёрынх биш, хорвоогийн жамаар ертөнцийг орхисон хүмүүсийн цогцсыг зориуд авчирсан байжээ гэж баримтат кино бүтээгчид нотолж байна. Чаушескуг түргэвчлэн хороох ажиллагааг Вашингтоны дохио зангаагүйгээр хийгээгүй байх магадлал их байгаа гэнэ. Тэр үед Унгарын тусгай албад ч Москвагийн зааваргүйгээр “хөд лөхөө” байгаад байжээ.
1989 оны арванхоёрдугаар сарын эхээр эцэг Буш, Михаил Горбачев хоёр Мальтад уулзахдаа “Румыны асуудлыг” шийдэх үндсийг тавьсан гэх байр суурь ч байдаг аж. ...Юм гэж хачин юм. Румыны өнөөгийн дээд зиндааныхан авлигад идэгдэж, хүн амынх нь олонх үгүйрэн ядуурч байгаа одоо цагт Чаушескугийн дэглэмийн ялзралыг олон хүн
мартаж байх шиг. Дарангуйлагч гээд байсан хүний үнэнч, үзэл бодлоосоо үл хазайгч чанар нь домог болж эхэлж байна. Чаушеску гадаадын нэг ч банкинд хадгаламжгүй байсныг Румыны Парламентын комисс хүлээн зөвшөөрлөө. Олон газар орд харштай, ан ав хийхдээ очдог байр савтай байсан нь үнэн ч тэдгээр нь бүгд төрийн мэдэлд, ард түмний өмч байсан гэнэ...
Р.Жаргалант