2008 оноос зогсонги байдалд орчихоод байсан Палестин, Израилийн шууд хэлэлцээ өнгөрсөн есдүгээр сарын 2-нд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестиний Автономийн тэргүүн Махмуд Аббас нарын оролцоотойгоор Вашингтонд дахин сэргэсэн билээ. Хэлэлцээний хоёр, гурав дахь ээлж өнгөрсөн долоо хоногт Египетийн Шарм-эш-Шейхэд, дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клин тоны оролцоотойгоор Иерусалимд болсон. Хэлэлцээ үргэлжлэх ёстой.
Гэтэл Арабын эзлэгдсэн газар нутагт еврейн суурин барих ажлыг түр хойшлуулсан хугацаа өнгөрсөн ням гаригт дуусгавар болсонтой холбоотойгоор түүний цаашдын өрнөл ихээхэн бүдэг бадаг болж эхэллээ. Израильчууд еврейн сууринг өргөжүүлэхийг 10 сар зогсоосон хугацаа дуусгавар болсныг баяр хөөр болгон угтсаныг палестинчууд тун таагүй хүлээж авлаа.
Хугацаа дуусав уу үгүй юү Иордан голын баруун эрэгт олон мянган еврей хүн оролцсон “баярын” цуглаан боллоо. Ирэх до лоо хоногоос эхлэн Палестиний нутаг дэвсгэрт хоёр мянган шинэ сууц барихаар төлөвлөж буй тухай “Гаарец” сонинд мэдээлсэн байна. Кирьят-Нетафим сууринд хүүхдийн цэцэрлэгийн суурь тавьжээ.
Реван сууринд цугласан жүүдүүд суурин барих ажлыг цаашид зогсоохгүй гэж амлаж байснаа хэрэгжүүлэхийг Израилийн Ерөнхий сайдаас шаардлаа. Гэвч Израилийн эрх баригчид “хорио” тавигдсаныг сүр дуулиантуулж, өдөөн хатгалга болгон хувиргахгүй байхыг еврейн суурингуудын оршин суугчдад хандан уриаллаа. Тухайн сэдвээр ярилцлага өгөхгүй байхыг Засгийн газрын түшмэдүүдэд зөвлөсөн байна.

Израиль Ойрхи Дорнодын энхийн асуудлаарх хэлэлцээ тасалда хаас болгоомжилж байгаа болол той. Тэгвэл Палестиний төлөөлөгчид, Палестиний Автономын тэргүүн Махмуд Аббас еврейн суурингуудыг үргэлжлүүлэн барьж эхэлбэл хэлэлцээг тасалдуулах болно гэдгээ нэг бус удаа анхааруулсаар ирсэн. АНУ-ын засаг захиргаа ч еврейн суурингуудыг өргөжүүлэхээс татгалзахыг уриалж байна. Нетаньяху, Аббас нарын зөвлөхүүд АНУ-ын идэвхтэй зуучлалаар Нью-Йоркт харилцан буулт хийх арга зам идэвхтэй эрж хайж буй тухай мэдээлж байна.
Израиль Иордан голын баруун эргийн нутгийг 1967 онд эзлэн авсан. Одоо тухайн газарт еврейн зуугаад суурин буй бөгөөд тэнд 300 мянган израиль хүн аж төрж буй тоо байдаг юм. Энэчлэн дэлхийн хамтын нийгэмлэг мөн л эзлэгдсэн гэж үздэг, Палестин, Израилийн хэлэлцээний явцад статусыг нь тодорхойлох учиртай Дорнод Иерусалимд ойролцоогоор 200 мянган еврей хүн аж төрж буй юм. Энэ бүх асуудал хэзээ, хаанаас эхтэй вэ? Түүх сөхье. Араб, Израилийн буюу бидний нэрлэж заншсанаар Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхий дахинаа шийдэгдээгүй асуудлуудаас хамгийн урт удаан хугацаанд үргэлжилж байгаа нь юм. Энэхүү мөргөлдөөн ХХ зууны 40-өөд онд Палестинд еврейн болон Арабын улсыг үндэслэн байгуулсан асуудлаас эхтэй.
НҮБын Ерөнхий Ассамблей 1947 оны арваннэгдүгээр сарын 29-нд ийм шийдвэр гаргасан. Харамсалтай нь уг шийдвэрийг хөрш Арабын улс орнууд, Палестин дахь арабууд бүр эхнээс нь няцаасан. Арабууд еврейн улс байгуулагдаж буй нутаг дэвсгэрийг өөрийн газар нутаг хэмээн үзэж жүүдүүдийг Палестинд эргэж ирэхийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрөөгүй юм. 1948 оны тавдугаар сарын 14-нд Израиль улс үүсэн байгуулагдсан бол Арабын улс бий болоогүй, тус улсад оноож өгсөн газар нутгийг Израиль улс өөртөө албадан хавсаргасан байв.
Энэ бүхэн 1948-1949 оны хооронд үргэлжилсэн Араб, Израилийн дайнд хүргэж, уг дайнд Арабын улс орнууд ялагдал хүлээж, Израиль улс Арабын Палестинд “хуваарилсан” газар нутгийн тал илүүг нь (6.7 мянган хавтгай дөрвөлжин км) эзлэн авсан билээ. Тийнхүү 1950-иад оны дунд үе гэхэд Ойрхи Дорнод нь улс хийгээд үндэстэн хоорондын зөрчилдөөн, дэлхийд тэргүү- лэгч гүрнүүдийн бодлого той холбоотойгоор түгшүүртэй байдал даамжирсан бүс нутаг болон хувирсан байлаа. Израиль, Арабын орнуудын хоорондын сөргөлдөөн Арабын улсууд хоорондын санал зөрөлдөөнөөр гүнзгийрч байв.
Эдгээр хүчин зүйл 1956 оны “Суэцийн кампани”, 1967 оны “зургаан өдрийн дайн”, 1966-1970 оны “туйлдуулсан дайн”, 1982 оны Ливаны дайн, 2006 оны “долдугаар сарын дайн”, зэвсэгт мөргөлдөөн, хүчээр түрий барих явдалд хүргэж байв. Ойрхи Дорнодод ийнхүү дайн байлдааны гал асаж байхад Дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн байгууллага гараа хумхиад сууж байгаагүй. Тухайн бүс нутагт энхийг тогтоох хүч чармайлт бишгүй гарч байсан. Үр дүн нь ч янз бүр байсан.
Тухайлбал: 1993 онд Норвегийн нийслэл Ослод Палестиний чөлөөлөх байгууллага (ПЧБ), Израиль хоёр бие биенээ хэлэлцээний түншээр харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээ байгуулсан. 1999 онд Иордан голын баруун эрэг болон Гаазын зурваст Палестиний үндэсний автономи байгуулагдаж, тухайн газруудад палестинчууд бүрэн хяналтаа тогтоох болж, тэнд цагдаагийн зэвсэгт корпус, Палестиний засаг захиргааг эмхлэн байгуулсан. Араб, Израилийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1991 оны Мадридын конференц, Ослогийн конференц (1993), КемпДэвидийн конференц болж, (2000), “Олон улсын зуучлагчдын дөрвөл” (АНУ, Европын холбоо, НҮБ, Орос)-ийн “2003 оны “Замын зураг” төлөвлөгөөг баталсан.
2005 онд Арабын улсуудын холбоо (ЛАГ) 2002 онд Саудын Араб Израиль улсын оршин тогтнох эрхтэй гэдгийг Арабын улс орнууд хүлээн зөвшөөрч, хоёр тал хүчирхийллийн ажиллагаанаас татгалзах, урьд өмнөх бүх хэлэлцээг Палестиний тал хүлээн зөвшөөрөх, Израилийн цэргийг 1967 оны хил рүү эргүүлэн татах, Палестиний дүрвэгчдийг буцааж ирүүлэх санал 2002 онд Саудын Араб улс дэвшүүлж, 2005 онд Арабын улсуудын холбоо (ЛАГ) Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх энэхүү төлөвлөгөөг дэмжсэн. 2006 онд Палестиний үндэсний засаг захиргааны нөхцөл байдал нарийн түвэгтэй болж, ФАТХ болон ХАМАС хөдөлгөөний хооронд дотоодын зөрчил хурцдаж эхэлсэн.
2006 оны нэгдүгээр сарын 25-нд Гаазын нутаг дэвсгэрт анх удаа болсон Палестиний хууль тогтоох ассамблейн ардчилсан сонгуульд ХАМАС 133 суудлын 74-ийг авав. 2007 оны зургадугаар сард ХАМАС цэргийн замаар Гаазын зурвас дахь эрх мэдлийг авч, тэнд лалын улс байгуулах эрмэлзэлтэй байгаагаа зарласан. Үүний хариуд ХАМАС-ын сөрөг ФАТХ бүлэглэлийн удирдагч, Палестиний автономийн тэргүүн Махмуд Аббас ХАМАС-чууд дийлэнх олонх болсон Засгийн газрыг тараасныг зарлаж, бүс нутагт онцгой байдлын дэглэм тогтоож, эрх мэдлийг тэр чигээр нь гартаа авсан. Палестин тийнхүү дайсагнагч хоёр хэсэг болсон.
Палестиний Автономийн тэргүүн М.Аббас Иордан голын баруун эрэгт шинэ Засгийн газар байгуулж, ХАМАС-ын зэвсэгт дайчдыг “алан хядагчид” гэж зарласан. 2007 оны аравдугаар сард Израиль улс Гаазын зурваст “дайсагнасан хүчин” бий болсонтой холбогдуулан эдийн засгийн хэсэгчилсэн хориг арга хэмжээ авах болж, эрчим хүчийг байнга тасалж, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоосон.
Израиль болон ХАМАСын хооронд хагас жил хэртэй эвлэрэл тогтсоны эцэст ХАМАС Израилийн нутаг дэвсгэрийн зүг буудахаа нэмэгдүүлж, дараа нь Израилийн Засгийн газар зэвсэгт дайчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухайгаа зарлаж, 2008 оны арванхоёрдугаар сарын 27-нд Израиль “Цутгасан тугалга” ажиллагаа эхлүүлсэн. Израилийн арми Гаазын зурвасыг хүчтэй бөмбөгдөж, их буугаар буудаж, энэ бүхний эцэст Гаазын зурвасыг хэсэглэн хувааж, гадаад ертөнцөөс бараг тусгаарласан. 2009 оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн яаралтай хуралдаанаар Гаазын зурваст байлдааныг нэн даруй зогсоох тухай тогтоолын төсөл баталсан.
Гаазын зурваст 2008 оны арванхо ёрдугаар сараас 2009 оны нэгдүгээр сарын хооронд болсон байлдааны ажиллагааны явцад 1.4 мянган палестин, 13 израиль хүн амь үрэгдсэн тоо байдаг. “Цутгасан тугалга” ажиллагааны дараа Палестин, Израилийн хоорондох хэлэлцээний явц үндсэндээ тасарч, түүнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн хамтын нийгэмлэг (Ойрхи Дорнодын “дөрвөл“-ОХУ, АНУ, Европын холбоо, НҮБ-ыг оролцуулаад) бүс нутгийн нэртэй улстөрчид хэлэлцээг сэргээх гэж оролдсон ч амжилт ололгүй өнөөдрийг хүрээд байна.
Б.БУЯНЦОГ