ХБНГУ-д цагаачилсан дөрвөн сая лалын шашинтныг хэрхэх тухай маргаан Берлинд өрнөж байна. Эх орноо орхин Германыг зорьсон Туркийн гурван сая гаруй иргэний тухай энд хамгийн түрүүнд яригдсан юм. “1960-аад онд бид цагаачдыг дуртайяа хүлээн авч, тэд ажиллах хүч болдог байсан. Ард түмэн маань өөр соёлтой, ёс суртахуунтай, шашинтай хүмүүстэй хаяа нийлүүлэн амьдарсаар удлаа. Хэзээ нэгэн цагт эх орондоо буцна гэж боддог байсан нь талаар өнгөрч, тэд манай нийгэмд уусан шингэж байна.
Цагаачилж ирсэн хүмүүст хууль эрхзүйн талаар бид тусалж, тэд манай хууль дүрмийг чандлан сахих нь чухал” хэмээн Канцлер Ангела Меркель өгүүлжээ. Баварийн Ерөнхий сайд, Христосын холбооны тэргүүн Хорст Зехофер “Ард түмний сэтгэлгээтэй нягт холбоотой соёлоо авч үлдэхийн төлөө Германы ард түмэн зүтгэх нь зүй. Олон шашин нэгдмэл байдлыг үгүй хийх аюултай” гэж онцлов.
Өдрөөс өдөрт нэмэгдэж буй цагаачдын тоог багасгахын тулд тэдний эрхийг зарим нэг талаар хязгаарлах саналыг консерватив үзэлтнүүд тавьж байна. Цыгануудыг Францаас гаргаснаар нэр хүнд нь буурч, Европын холбооны дургүйцлийг төрүүлсэн Николя Саркозигийн жишгийг германчууд дагахгүй нь бололтой. Гэвч хүний эрхийг дээдэлдэг барууны сэтгэлгээгээр цагаачдад хандаж ирсэн тус улс лалын хэт даврагсад, хар тамхины наймааны сүлжээ зэргээс болж бодлогоо чангатгахаар шийдсэнээ ийнхүү илэрхийлэв.
Тус улсын хүн амын дөрвөн хувийг эзэлдэг лалын шашинтнууд бусад орны ч хөндүүр сэдэв болж амжсан. Харин ардчилсан, төвийг сахисан, хүнлэг нөхцөлийг бүр дүүлж, хариуд нь нийгэмд тогтсон ёс зүй, хууль дүрмийг чандлан сахихыг шаардана гэдэг хамгийн зөв шийдвэр гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Х.ОДОНЧИМЭГ