
Хятадын коммунист нам ӨМӨЗО-нд монгол хэл, бичгээр хичээл оруулахыг хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд буй. Мөн ард иргэдийн дунд Хятадын бодлогын эсэргүүцэх үзэл газар авчээ. Харин уг үйл явдалтай давхцан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан нь олон нийтийн болгоомжлолыг төрүүлэх болов. Иймд Хятадын улс төр, гадаад бодлогын талаар Нийгмийн ажилтан, Азийн соёл судлаач Б.Энхболдтой ярилцлаа.
-Сайн байна уу? Хятадын зөөлөн хүчний бодлого, тэр дундаа боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаач хүний хувьд бидэнд ярьж өгнө үү.
-Хятад улс дэлхий дахинд Хятадын соёлыг түгээхийн тулд боловсролын болон хүмүүнлэгийн харилцааг чухалчилсаар ирсэн. Сүүлийн арваад жилийн турш “Зөөлөн хүч”-ний загвар, бодлогод Хятадын удирдагчид маш их анхаарлаа хандуулж олон улсын тавцанд энэ бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. ХКН-ын Төв Хорооны XVII их хурлын илтгэлд “Зөөлөн хүч” гэсэн нэр томьёог анх хэрэглэж, БНХАУ соёлын гадаад бодлогоо улс төр, эдийн засгийн гадаад харилцаатай адил түвшинд эн тэнцүү тавьж, гадаад харилцааны гурван тулгуур хэмээн нэрлэхээр тогтсон бол ХКН-ын Төв Хорооны ХVIII дахь удаагийн IV бүгд хурлаар Хятадын соёлд “Зөөлөн хүч”-ний бодлогыг албан ёсоор тусгаж “Хятадын соёлыг бүхий л хүчээр бэхжүүлэх”, Хятадын соёлыг урагшлуулан улмаар дэлхийн тавцанд гаргаж, түүний олон улсын нөлөөг дээшлүүлэх” тухай зорилт тавьсан. Өнөө үед энэхүү “Зөөлөн хүч” гэсэн нэр томьёо хэдийгээр улс төрийн чиг хандлагаас гарч, “Ухаалаг хүч” рүү хувьсан шилжиж буй ч гэсэн “Зөөлөн хүч”-ний үзэл баримтлал өөрийнхөө соёлын бодлогын хүрээг улам тэлж, гадагшаа тэмүүлсээр байгаа юм.
Хятад улс нь “Зөөлөн хүч”-ний бодлогынхоо дагуу 2002 оноос эхлэн гадаадын орнуудад хятад хэл, соёлын төвүүдийг байгуулж, түүнийгээ 2004 оноос Күнзийн сургууль хэмээн нэрлэсэн. Күнзийн сургууль нь Хятадын соёлын бодлогын хүрээн дахь стратегийн нэг чухал асуудал болж, нэн тэргүүнд гадаадын орнуудад “Күнзийн сургууль”, Хятадын соёлын төвийг байгуулж, Хятадын хэл, соёлыг тухайн оронд нэвтрүүлэн таниулах сурталчилгааны гол хэрэгсэл болдог. Күнзийн институтийн үйл ажиллагаа нь тухайн сургууль байгуулагдсан газар зөвлөх багш илгээх, сургалтын материалаар хангах, хилийн чанадад хятад хэл сургах, хятад хэлний багш бэлтгэх, оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, Хятадын соёлыг сурталчилахад чиглэдэг байна.
-Америкчууд хүйтэн дайны үед “Америк мөрөөдөл” гэх сурталчилгааг гаргаж ирсэн гэдэг. Тэгвэл сүүлийн үед “Хятад мөрөөдөл” гэж их ярьдаг боллоо.
-Хүн болгон мөрөөдөлтөй байдаг. Тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд зорилго тавьж түүндээ хүрэхийг хичээдэг. Тэгвэл АНУ, БНХАУ тэргүүнүүд хүчирхэг улстай болох мөрөөдлөө тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд ард түмэнтэйгээ хамтран одоогийн баян чинээлэг, хүчирхэг улсын хэмжээнд хүрч, хийж чадаж байгаа жишээг бид илхэнээ харж байна. Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд Хятадын Коммунист Намын даргаар сонгогдсон даруйдаа “Хятад мөрөөдөл” гэсэн цоо шинэ үзэл санааг дэвшүүлж, хятад үндэстэнд дахин шинэ мөрөөдөл, шинэ бодлого хэрэгжүүлэх болсон. Энэхүү шинэ бодлого нь “Хятад үндэстний сэргэн мандалт, хятад хүний амьжиргааны түвшинг сайжруулах, хөгжил дэвшил, илүү сайн нийгмийг цогцлоох болон цэрэг армийг хүчирхэгжүүлэх” хэмээн томьёолсон байдаг. Мөн тэрээр Хятад мөрөөдөлтэй уялдуулж “Хос 100” нэртэй маш тодорхой хоёр зорилт, хөгжлийн стратеги дэвшүүлэв. Энэхүү хоёр зорилт маш энгийн нэгдүгээрт, “2021 он буюу ХКН-ын 100 жилийн ой тохиох үеэр дунд зэргийн чинээлэг нийгэм цогцлоох”, энэ нь томоохон хотууд төдийгүй хөдөө орон нутгийн иргэд ч өндөр түвшний амьжиргаатай болох тухай юм. 2021 он гэхэд ДНБ-ийг хоёр дахин нугалж, орон нутагт буй иргэдийг хотжуулж (ойролцоогоор 1 тэрбум буюу хятадын хүн амын 70%) дуусгах зорилт тавьсан байдаг. Хоёрдугаарт. Хятадыг орчин үежүүлж, үсрэнгүй хөгжүүлэх зорилтын хүрээнд 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр өндөр хөгжилтэй орон болно гэж тодорхойлсон. Орчин үежүүлэлт гэдэг зорилтоо шинжлэх ухаан, технологи болон эдийн засаг, бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхээс өгсүүлээд Хятадын соёл иргэншил, соёл, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх бодлогыг хамааруулж, хүний хүчин чармайлт, хөгжлийн асуудалд төрөөс идэвхийлэн оролцоно хэмээн маш тодорхой томъёолсон байна. Үндсэндээ маш тодорхой зорилт тавьсан удирдагчийнхаа уриалга дор хятад үндэстэн нэгдэж, нэгэн зүгт харж, тэмүүлж чадаж байгаа учир бид өнөөдөр чинээлэг Хятад иргэдийг харж байна.
БНХАУ дэлхийд чинээлэг байгаагаа харуулахын тулд олон орны оюутнуудыг үнэ төлбөргүй сургаж, тэтгэмж өгөн, олон улсад хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж өгөх зэрэг сэтгэл татах олон зүйлээр нөлөөлсөөр байна. Энэ тухай Америкийн Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн профессор Дэвид Шамбогийн “Хятад дэлхийн их гүрэн болох нь” хэмээх номонд: Хятад улс тэрбум долларыг “Дур булаах, сэтгэл татах давшилтанд” хэрхэн яаж зарцуулж, өөрийн зөөлөн хүчийг бэхжүүлэхийг оролдож байгаа талаар бичсэн байдаг.
-"Нэг Хятад" бодлогыг юу гэж үзэж байна вэ?
-Ямар ч улс орон өөрийн ард түмэн, үндэстний цөөнхүүдээ нэгдмэл байлгах бодлого явуулдаг. "Нэг Хятад" нь ийм л бодлого. Энэ нь улсын дотоод асуудал учир шүүмжилж болохгүй. Харин улс дотор байгаа үндэстний цөөнхүүд их үндэстэнд уусахгүйн тулд өөрсдийн дархлаатай байх ёстой. Их үндэстнээс ялгарахын тулд өөрсдийн соёлын онцлог, хэл бичгээ хадгалж, үр хүүхдүүддээ заах хэрэгтэй. Сүүлийн үед Хятадын коммунист нам үндэстний цөөнхүүд рүү чиглэсэн зөөлөн хүчний бодлогыг эрчимтэй явуулж байна. Ний нуугүй хэлэхэд энэ бодлого нь үндэстний цөөнхүүдэд маш аюултай. Хэдий ухаалаг бодлого ч гэлээ хүний сэтгэхүй рүү урлаг, соёл, боловсролоор дамжиж хүрдэг учир энэ бодлогын нөлөөлөлд орсон цөөнхүүд өөрсдийгөө их үндэстэнд уусаж байгаагаа мэддэггүй. Нэг л мэдэхэд харийн соёл өөрийнх нь соёл мэт болсон байдаг. Жишээ нь монгол хэлэнд маш их манж үг ашиглагддаг. Зарим дээл хувцас хүртэл манж хэв загвартай. Гэвч бид тэрийг монгол гэж андуурсаар байдаг.
-Манай төр казак ястнуудад монгол хэлээр хичээл оруулах бодлого явуулдаг. Энэ нь Хятад улсын бодлоготой ижил биш гэж үү?
-Өвөрмонголчууд өөрсдийн уугуул нутаг дээрээ Хятадад эзлэгдсэн ард түмэн. Казакууд бол ардчилсан Монгол Улсад байгаа эрх чөлөөтэй ард түмэн. Тэд хүсвэл Казакстан руугаа яваад эх хэлээрээ сурч болно, бүх зүйл нь нээлттэй. Харин Өвөрмонгол бол автономит улс бөгөөд коммунизмын хатуу зарчим дор байдаг орон. Тийм учир энэ хоёрыг харьцуулж болохгүй.
-Монголын хэвлэл мэдээллийн салбарт Хятадын нөлөө илт шингэсэн байгаа нь харагдаж байгаа юм. Ер нь олон улсын харилцаа, геополитикийн онол талаасаа нэг жижиг улсад нэг их гүрний нөлөө байх нь ямар эрсдэлийг дагуулдаг вэ?
-2011 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт заасны дагуу жил бүр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг зохион байгуулж, нөгөө талын хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрийн улсад зочлон сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг үзүүлнэ гэсэн байдаг. Үүний дагуу жил бүр манай улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид жил бүр БНХАУ-ийг зорьж байдаг талаар албан ёсны мэдээллүүд байдаг. Миний болдлоор Монголын хэвлэл мэдээллийн салбарт Хятадын нөлөө шингэсэн гэж хэлж чадахгүй юм.
Эрдэмтдийн тодорхойлсноор жижиг улс нь ихэнхдээ газарзүйн таагүй байршилд оршдог. Түүхий эд, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, олон улсын дэд бүтэц зэргээс эдийн засаг нь ихээхэн хамааралтай, олон улсын харилцаанд эзлэх улс төрийн жин нөлөө багатай, өөрийгөө хамгаалах хангалттай цэрэг зэвсэгт хүчингүй олон улсын харилцааны цөм болсон тоглогчид байдаг хэмээн тодорхойлсон байдаг. Монгол Улсын хувьд нэг их гүрний нөлөөнд ямар эрсдэлтэй байхыг Манжийн эрхшээлд орсон 200 гаруй жилийн түүх эрсдлийг хангалттай санагдуулах бизээ. Бид түүхээ мартаж болохгүй байнга эргэн санах учиртай.
-Сүүлийн жилүүдэд БНХАУ хөгжиж буй буурай орнуудад үзүүлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд байгаа. Мөн гадаадын оюутнуудыг сургаж, мэргэшүүлсээр байна. Гэвч барууны орнууд үүнийг “Зөөлөн хүчний бодлого”-той холбон тайлбарлаж байна.
-2018 оны байдлаар БНХАУ-д суралцаж буй гадаадын суралцагчид нийт 492185 болж өнгөрсөн оныхоос 3013 хүнээр нэмэгдсэн байна. Үүнийг Хятад улсын “Зөөлөн хүч”-ний бодлогыг Хятадын онцлогтой социалист соёлыг хөгжүүлэн дэлгэрүүлэх, “Хятад мөрөөдөл”-ийг биелүүлэх үзэл баримтлалын үнэт зүйл хэмээн тайлбарлаж болох юм.
-Манай улсад өгч буй зээл тусламж, хөрөнгө оруулалтууд хожим нь Тажикстаны жишээг давтахвий гэж хүмүүс их болгоомжилдог. Манай судлаачид энэ талаар юу гэж харж байгаа вэ?
-Монголд “Хятадын аюул” байгаа гэсэн байнгын хардалт байдаг. Монгол Улсыг Хятад улс алсдаа Тайваний нэг адил нэгтгэх бодлого явуулж, эдийн засаг, соёл, үзэл суртал зэрэг бүхий л салбарт “хараат байлгах”, далд санаа, стратеги бодлоготой байдаг гэж нэлээдгүй монгол хүн итгэдэг. Сүүлийн үед Хятадын аюулыг зөөлөн хүчний бодлоготой ч холбон харж байна. “Зөөлөн хүч” буюу “Ухаалаг бодлого”-ын талаар эрдэмтдийн хэлсэн үгийг сийрүүлбэл: “Зөөлөн хүч” нь явуулж байгаа улс орныхоо геополитикийн сонирхолыг хамгаалахын зэрэгцээ бусад улс орны нийгмийн хүрээнд сэтгэл татсан удирдахуйн соёл, урлаг, боловсролын загваруудыг ашиглах замаар өөрийн бодлогоо хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн технологи мөн. Монгол, Хятадын харилцаа бол глобал түвшинд Хятадын явуулж буй “Зөөлөн хүч”-ний бодлогын нэг жишээ гэсэн бол Монголын талаар өнөөгийн Хятадын бодлого бол чухамдаа зөөлөн хүчний бодлого бөгөөөд, буцалтгүй тусламж үзүүлэх, эдийн засгийн элдэв обьект барьж өгөх, оюутан олноор сургах зэрэг нь чухамдаа үүнд хамаарч байна хэмээжээ.