Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг болсноор барилдааны чанар сайжирч, онооны өрсөлдөөн өмнөхөөсөө илүү өрнөж буй нь олны сонирхлыг татаж эхэлсэн. Тус холбоо Devjee.mn сайтын албан ёсны мэдээлэлд тулгуурлан тэдний гаргасан амжилтыг их спортын адил (чөлөөт бөх, жүдо) оноотой болгож, чансааг нь шинэчлэн зарлав. Бөхчүүдийн чансаа тухайн барилдаанд хэд давснаас хамаарна.
Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд түрүүлбэл 2000, үзүүрлэвэл 1500, их шөвөгт тунавал 1000, зургаа давахад 600 гэх зэргээр оноо олгодог. Тэгвэл аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүү 1000, үзүүр 600, зургаа давбал 500 оноо өгөх юм. Аймгийн начин, харцага цолтнуудын бөхийн барилдаанд оролцсон тохиолдолд 40, найм давбал 750 оноо авах бол сумын цолтой бөхчүүдийн барилдаанд дөрвийн даваанаас эхлэн 30 оноо авч, 10 давж түрүүлбэл 400 оноо хүртэх юм. Ийм шатлалтайгаар онооны систем нь бөхчүүдийн идэвх, амжилтыг бодитоор үнэлж, бүтэн жилийн турш тогтмол барилдсан нь чансаагаа ахиулах боломж бүрдэж байна.
Энэ удаа чансааг улсын өндөр цолтнуудаас Монгол Улсын арслан Э.Батмагнай хошуучилж, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, улсын арслан Ц.Бямба-Отгон нар эхний гурван байрт жагсав. Тэдний ард улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан М.Баяржавхлан, улсын аварга О.Хангай, улсын начин Б.Даваа-Очир, улсын харцага Б.Зоригтбаатар нар шил даржээ. Дээр дурдсан бөхчүүд барилдаануудад алгасалгүй зодоглож, амжилт тогтмол гаргасан тул чансааг ийн өнгөлж байна.
“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд найм давж түрүү бөхөөр тодорсон улсын заан М.Лхагвагэрэл 1550 оноо нэмж авснаар 23 дугаар байрт бичигдэв.