Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар “Ачит ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэргийг уржигдар хэлэлцлээ.
Засгийн газар 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, эдгээр компанийн хооронд байгуулсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх, овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох хүмүүст даалгасан байдаг. “Ачит ихт” ХХК-ийнхан уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Эл хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Ачит ихт”-ийнхний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Ачит ихт” ХХКийнхан Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг ийнхүү хэлэлцсэн юм. Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГын овоолгыг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ зөрчил гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв. Харин уг шийдвэрийн агуулгын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т “Нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Засгийн газар энэ асуудлыг “Ачит ихт” ХХКтай одоо хийж буйг хэлэлцээрийн үр дүнг харгалзан дахин шинээр акт гаргах замаар шийдвэрлэх хүртэл маргаан бүхий актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д “Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгоно” гэж заасны дагуу Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсэг хүчингүй болох үр дагавартай юм байна.