Хаврын шар усны үерийн аюулын зураглалыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар өчигдрөөс эхлэн 10 хоног тутам гаргахаар болжээ. Шар усны үерийн аюулын зураглалаас харахад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт үерийн аюул маш их, томоохон, гол, мөрөн олонтой газруудад их байна. Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, Халх гол, Мэнэнгийн тал, Туул, Шишхэд, Хэрлэн, Увс нуур, Тэс гол, Орхон, Хануй, Умард говь, Хяргас нуур, Завхан, Хараа, Онги, Идэр, Таац зэрэг голын сав газрын 80-95 хувь нь цастай бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 8.5 шоо.км байна. Урин дулаан цаг ирж буйтай холбоотой дээр дурдсан голын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Ташрамд, өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол, мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдлийг шар усны үер гэж нэрлэдэг. Ийм үерийн аюулын зураглалыг цасан бүрхүүлийн талбай, нягт, цасан дахь усны нөөц, газрын хэвгий, агаарын температурын урьдчилсан мэдээ зэрэгт үндэслэн боловсруулдаг аж.
Ч.Болор