Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энх тайвантай ярилцлаа.
-Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн тухай хэдэн он дамжин ярьсан ч өдий хүртэл шийдэгдсэнгүй. Шинэ эх үүс - вэр барих ажил яагаад удаашраад байгаа юм бэ?
-Сүүлийн 10 гаруй жил энэ тухай ярьж байгаа. Засгийн газар олон удаа солигдож, тө рийн бодлого тогтворгүй байсан нь асуудал шийдэгдээгүйн гол шалтгаан юм. Одоо Азийн хөгжлийн банкны судалгааны баг урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж байгаа. Нэгдүгээр сард эц сийн дүгнэлт гарна. Түүний дараа станцын хүчин чадал, хөрөнгө оруулалт, байршил гээд олон зүйл тодорхой болох юм.

-Нэг үе Улиастайн аманд барина гэж ярьж байлаа. Сүүлийн үед Багануур тийш нүүх сураг гараад байх юм. ТЭЗҮ гараагүй байхад ийм зүйл ярьж болно гэж үү?
-2008 онд тав дахь эх үүсвэрийн байршил, дэд бүтцийн асуудлаар Засгийн газрын Ажлын хэсгийг ахлан ажиллаж Засгийн газрын хурлаар оруулж Улиастайн аманд барихаар болсон. Хот ч Улиастайн аманд газар олгох шийдвэр гаргаж бид хашаагаа хатгасан. Урьдчилсан ТЭЗҮ-ээр ерөнхий зураг гар сны дараа хүчин чадлаа тогтоож тендер зарлах ёстой.
Гэтэл УИХ-ын хэдэн гишүүн тав дахь эх үүсвэрийг Багануурт барих тогтоолын төсөл боловсруулаад байгаа. Одоо Эдийн зас гийн байнгын хороогоор дэмжүүлээд УИХ-аар хэлэлцүүлэх гэж оруулж байна. УИХ-аас Бага нуурт барина гэсэн шийд вэр гаргачихвал Улаанбаатар хотын хөгжил ахиад л 5-10 жил хоцорно. Одоо шинээр барьж байгаа барилгуудад ду лааны техникийн нөхцөл өгч чадахгүй бол чихоод байна. Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, тендер шал гаруулалт гээд л дахиад хэдэн жилийн ажил болно доо.
ТАВАН ЖИЛИЙН ДАРАА УЛААНБААТАРЧУУД ДААРЧ ЭХЭЛНЭ
-Яагаад болохгүй гэж. Уурхайнхаа дэргэд станцаа баривал өртөг зардлын хувьд хэмнэлттэй гэж үздэг дэлхийн жишиг байдаг шүү дээ.
-Барьж болно. Гэтэл Багануураас шугам татаж дулааны эрчим хүч дамжуулах боломжгүй. Тав дахь эх үүсвэр гэж нэрлэж байгаа чинь зөвхөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэр гэж тоогоор дугаарлаж байгаа юм. Багануурт баривал Монгол Улсын ДЦС-9 болно шүү дээ. Зөвхөн цахилгаан л дамжуулна. ТЭЦ бол дулаанаа ч, цахилгаанаа ч үйлдвэрлэдэг. Ингэснээр дулааны эрчим хүчний өртөг нь 2-3 дахин багасдаг. Дан дулаанаар хангана гэвэл хэрэглэгчдийн дулааны үнэ 3-4 дахин өснө, эсвэл улсаас үнийн зөрүүг олгоно. Тэнд барихаар болбол Улаанбаатарын дулааныг хангах өөр станц барих шаардлага үүсэх юм. Гэтэл мэргэжлийн нарийн учрыг нь олохгүй байж УИХ-ын зарим нэг гишүүн асуудлын дундуур орон шийдвэр гаргахад нөлөөлөх гэж буй нь ёс зүйгүй хэрэг. УИХ-ын гишүүн гэхээр л бүхнийг мэддэг юм биш. Энэ чинь Засгийн газрын ажил шүү дээ. Үүнийг бизнесийн бүлэглэлийн лообий байна гэж хардахаас өөр аргагүй.
-Багануурт цахилгаан дамжуулах станц барьчихлаа гэж бодъё. Тэгвэл одоогийн дулааны хомсдолоо шийдэх өөр хувилбар гаргаж ирж болохгүй юү?
-Улаанбаатар хотын Засаг дарга тэргүүтэй хүмүүс тав дахь эх үүсвэрийг Багануурт барья, нийслэлийг өөр эх үүсвэрээр хангая гэж яриад байгаа. Тэдний төсөлд III, IV хорооллын хойно, Дэнжийн мянга, Амгаланд тус бүр 60 мВт-ын гурван дулааны станц барихаар тусгасан. Өндөр технологитой, утаа тоос гардаггүй жижиг оврын станцууд хот дотор бариад дулаанаар хангачихна гэж ярьж буй гишүүд, дарга нарын үгийг сонсоход харамсалтай. Хотын төвд зуух яндан бариад, машинаар нүүрс зөөгөөд ажиллаад байж болох уу?
-Улиастайн аманд утаа үйлдвэрлэх нь, цэвэр усны бололцоогүй гэж мэргэжлийн байгууллагынхан мэдэгдээд байсан даа. Тэнд барихад үнэхээр зөрчилдөх зүйл бий юм уу?
-Дургүйд хүчгүй гэгчээр Улиас тайн аманд цэвэр усны нөөц хүрэлцэхгүй гэж Ус сувагийнхан ярьдаг. Балансаар нь аваад үзвэл, усны нөөц хүрэлцээтэй байдаг юм. Тэнд хийсэн урьдчилсан ТЭЗҮ бий.
-Дулааны эх үүсвэргүй учраас шинэ орон сууц, барилга байшин барих тухай яриад нэмэргүй гэл үү?
-Тийм ээ. Станц барих асуудал нь цаг үеийн шаардлагаасаа аль хэдийнэ хоцорчихоод байна. Энэ оноос шинээр барих барилгад дулаан өгөхөө больсон. 40 000, 100 000 айлын орон сууц хөтөлбөр болоод гадаадын хөрөнгө оруулалттай байшин барилга гээд хот тэлж хөгжих тухайд гацаа үүсчихээд байгаа. Ирэх жил станц барих тендер зарлаад, дараа нь барина гэхэд дор хаяж гурван жилийн хугацаа хэрэгтэй. 2015 он гэхэд улаанбаатарчууд 90-ээд оны эхэн үе шиг даарч эхэлнэ.
-Удахгүй улаанбаатарчууд даарч эхэлнэ гэдэг түгшүүртэй сонсогдож байна. Яг одоогийн дулааны хангамж хэр байгаа вэ?
-Улаанбаатар хотын дулааны суурилагдсан хүчин чадал нь 1585 Гкал/цаг. Гэтэл одоогийн ачаалал нь 1555 байна. 30 Гкал цагийн илүү бөгөөд энэ нь Налайхын тал шиг хэмжээний ачаалалтай дүйцнэ. Тав дахь эх үүсвэрийн хүчин чадлыг 300 мВт гэж тооцоолсон байгаа. Гэтэл урьдчилсан тооцоогоор 2015 онд дулааны хэрэглээ 1000 Гкал цагаар нэмэгдэхээр гарсан. Тэгэхээр станцыг ашиглалтад оронгуут ахиад л дулааны дутагдал бий болно. Азийн хөгжлийн банкныхан ч үүнийг урьдчилан харсан байгаа.
ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫГ АШИГЛАХ НЬ МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХУВЬСГАЛ БОЛНО
-Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчийг сонгож байгаа. Харин манайд Дөргөн болоод Тайширын усан цахилгаан станцын том бүтээн байгуулалтын төслийг эс тооцвол ахиц муутай санагддаг. Одоо шинэ хувилбар болох газрын гүний дулааныг туршиж эхэллээ. Манайх энэ технологийг сэргээгдэх эрчим хүчний нэг хувилбараар сонгож болох нь уу?
-Болно. Энэ онд Олон улсын эрчим хүчний агентлаг байгуулагдсан. Арабын Эмират улсад төвтэй IRЕНА гэдэг энэ байгууллагыг манай улс анхнаас нь дэмжсэн. ХБНГУ, АНУ, Египет, АНЭУлсад болсон зохион байгуулах хурлуудад Засгийн газраа төлөөлж оролцлоо. Эхний 20 орон Парламентаараа гэрээгээ батлуулж байж олон улсын статус авдаг. Манай улс энэ байгууллагын 14 дэх орноор бүртгэгдсэн. Эхний шанг татсан учраас уг байгууллагаас цаашид дэмжиж туслах эрмэлзэлтэй байгаа.
-Манай улс өргөн уудам газар нутагтай. Энэ нь зарим талаараа эрчим хүчний салбарт бэрхшээлтэй гэдэг. Өнөөгийн алдагдалтай, хүнд нөхцөлөө өөрчилж, 21 аймаг, 300 гаруй сум хүртэл газрын гүний дулаанаа ашиглах цаг ирж байна, тийм үү?
-Бүрэн боломжтой. 2009 оны нэгдүгээр сард Германы газрын гүний насосны технологийг судлахаар “Вэйсмэн” компанийн Швейцарь дахь үйлдвэртэй танилцсан. Монголд энэ технологийг нэвтрүүлэх гэж өнгөрсөн жил хэдэн төгрөг батлуулах гэж махаа идлээ дээ. Ойлгодог хүн байдаггүй. Энхтайван хувийн бизнес хийх гэж байна гэж хардаад л. Түүгээр Монгол Улсын 331 сум, суурин газрын нам даралтын халаалтын зуух яндан, утаа нүүрс, тээвэр зэрэг ажлыг шахаж гаргах бололцоотой.
Харин Шадар сайд М.Энхболд энэ ажлын ач холбогдлыг ойлгож өөрийнхөө тойрогт хийлгэхээр болж, төсөв хөрөнгийг батлуулахад дэмжлэг үзүүлсэн. Энэ ажил нь Монголын дулааны эрчим хүчний хөгжилд хувьсгал болно. Хувь хүний талаасаа ч дулааны инженер мэргэжлийг эзэмшиж, энэ чиглэлээр олон жил салбартаа удирдах ажил хийсний хувьд энэ техник, технологийг оруулж ирж нутагшуулж байгаадаа би сэтгэл хангалуун байгаа. Ирэх сонгуулиар УИХ-ын гишүүд аймаг, сум, орон нутагтаа газрын гүний дулаан оруулна гэж мөрийн хөтөлбөртөө оруулцгаах биз. Яг л сум орон нутаг руу цахилгаан эрчим хүч татдаг шиг. Монголд бүүм болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Төв аймагт туршилт эхэлсэн гэж сонссон. Одоогоор хэр явцтай байна вэ?
-Энэ ажлыг манай Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (СЭХҮТ) Герман, Швейцарийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийж байна. Өнгөрсөн жил СЭХҮТөв “Solor step” компанитай хамтарч жижиг орон сууцанд туршсан. Хоттой ойр, анхны юм учраас мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд нь ирж очиж байхад амар. Нөгөө талаар хөдөө орон нутгийнхан маань хотод ирээд үзэхэд ойрхныг нь бодсон юм.
Сургууль, эмнэлэг, цэцэрлэгт суурилуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Маш сайн халж байна лээ. Энэ тав дахь өдөр нээлтээ хийнэ. Сонирхсон хүмүүс очиж үзэж болно. Ирэх жил Төв аймгийн Эрдэнэ сумыг бүхлээр нь газрын гүний дулаанаар хангах төлөвлөж байгаа. Нэг сумыг гурван сард багтаагаад хийчих бүрэн бололцоотой. Сумдын хувьд үнэхээр загвар болно доо.
-Технологийн нь энгийнээр тайлбарлаж болох уу?
-Газрын гүний дулааны насос гэдэг технологи цэвэр эрчим хүчний хөгжилтэй холбогдоод дэлхий нийтэд эрчимтэйгээр хөгжиж байна. Ер нь бол баруунд нэвтрээд 20-30 жил болж байгаа зүйл. Энгийнээр тайлбарлая. Дэлхий ертөнц бол нэг бие махбод. Газрын гадаргын хаана ч 2-3 метрээс доош 5-8 градусын шавхагдашгүй дулаан байдаг. Үүнийг дулаан дамжуулагч шингэнээр зөөдөг юм. Яг хөргөгчний эсрэг зарчмаар ажилладаг.
-Гэхдээ хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байх аа.
-Тийм ээ. Хөрөнгө оруулалт их найдвартай. Ашиглалтын баталгаат хугацаа 15 жил гэдэг бол өндөр үзүүлэлт. Ажиллах хүчин их шаардахгүй. Нэг байгууллагад нэг цахилгаанчин юм уу, слесарь байхад л хангалттай. Айлын хөргөгч 10-15 жил бараг шингэнийг нь солихоос өөр зүйлгүй ажилладаг биз дээ. Түүнтэй л адил. Сумын төвийн нэг цэцэрлэг, сургууль, Тамгын газар, соёлын төв, эмнэлгийг газрын гүний дулаан ашиглан халаахад хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардаж байгаа. Бүхэл бүтэн сумыг дулаанаар хангахад их хөрөнгө биш шүү дээ, энэ. Эдийн засгийн үр ашиг ч их.
Цахилгаан эрчим хүчээр байраа халааснаас 3-4 дахин хямд зардал гарна. Энэ бол асар их дэвшил.
-Хэдий болтол зөвхөн нүүрс гэсэн сонголттой явах билээ. Дэлхий даяар байгаль орчинд ээлтэй хөгжлийн тухай ярьж байхад. Монголын газар нутгийг нийтэд нь хамарсан судалгаа хийж үзсэн үү?
-Барууны орнуудад арван барилгын долоог нь газрын гүний дулааны насос ашиглана гэсэн тохиолдолд барихыг зөвшөөрч байна. Германы Төрийн ордон, байгалийн сайхнаараа алдартай Швейцарь улсын хотууд газрын гүний насосоор дулаанаа үйлдвэрлэж байгаа. Газрын гүний дулааны технологид Вэйсманы тоног төхөөрөмж болон бусад гэж л ярьдаг. Яг л машиныг “Бенз” болон бусад гэж ангилдаг шиг.
Ийм түвшний өндөр технологиор бид газрын гүний дулаанаа ашиглах бололцоотой. Дулааны станцуудыг муу хэлээд байна. Дэлхий ертөнц хүссэн ч, эс хүссэн ч нүүрсээ түлж нийт эрчим хүчнийхээ 80 хувийг гаргаж байна. Япон, Хятад, Орос, Америк бүгд.
Технологийн өөрчлөлтийн ялгаа л бий. Нүүрсээ боловсруулах явцад гарсан хийг нь ашиглаад, хагас дутуу шатсаныг кокс болгож, коксоо ахин боловсруулах гээд олон янзын технологи гарч байна. Хүн юугаараа баян, түүгээрээ л бизнесээ хийнэ шүү дээ. Монголд хамгийн найдвартай гарын дор ашиглах түүхий эд юу вэ гэвэл нүүрс л байна. Манайхаас 21 аймаг болон Улаанбаатар хотод геотермийн судалгааг хийж өгөөч гэсэн хүсэлтээ IRЕНА гэдэг байгууллагад тавих гэж байгаа. Судалгаа хийх шаардлагатай. Одоо бид дэлхийн гадаргуугийн дундаж (+5+8 градус) параметрээр тооцож л тоног төхөөрөмжөө сонгож байгаа.
400 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГАЛ ГОЛОМТОО ЦЭГЦЭЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ
-Зуун жилд өртгөө нөхөхгүй зүйлд хөрөнгө орууллаа гэсэн шүүмжлэл байдаг. Эрчим хүчний үрэлгэн байдлаас хэзээ гарах юм бол оо?
-Би үүнтэй санал нийлдэггүй. Энэ бол маш харалган бодол. Мөнгөөр үнэлж болохгүй зүйл гэж байдаг шүү дээ. XXI зууныг эрчим хүчгүйгээр яаж төсөөлөх билээ. Түүнгүйгээр хүний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг, бүр соёлт хүний тухай төсөөлөхийн аргагүй. Үүний цаана нийгмийн асар их үнэ цэнэ байгаа. Хэчнээн хол байлаа ч гэсэн тэнд Монголын иргэн амьдарч л байгаа бол төр засаг иргэдээ эрчим хүчээр хангах үүрэгтэй гэж бодож байна.
-Эрчим хүчний станц, уурхай дамнасан өр авлагын сүлжээ жил бүр л яригддаг. Одоо арваад жилийн өмнө авсан Дэлхийн банк, Японы Засгийн газрын өр нь үндсэн хөрөнгөнөөс нь даваад талийчихсан байгаа. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Би арваад жил яам, агентлагт удирдах ажил хийж байна. Олон жил өвлийн бэлтгэл хангах комиссыг ахалж ажилласан. Тухайн үед гал унтраах маягаар эрчим хүчнийхээ доголдлыг Засгийн газар шийдэж ирсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Нэгд, манайд хэрэглэж байсан эрчим хүчний тоног төхөөрөмж нь социализмын үеийн Оросынх. Дэлхийтэй харьцуулахад Оросын үйлдвэр ахуйн тоног төхөөрөмж хоцрогдсон шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 20 жил болчихлоо. Түүнээс 20-30 жилийн өмнөх кабель шугам, тоног төхөөрөмж гэхээр 40-50 жил ашиглагдаад муудсан байна.
Ерэн оны эхээр тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй. Гуравдугаарт, эрчим хүчний үйлдвэр бол монополь салбар. Яавч алдагдалтай ажиллахгүй. Дураар нь орхивол үнээ тогтоогоод ашигтай ажиллаж, дэлхийн зах зээлээс чанартай, үнэтэй сэлбэг хэрэгслээ аваад явчихаж чадна. Эрчим хүчний салбарт одоогоор 260 сая, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн 170 сая гээд нийт 440 сая долларын гадаад зээлийн өртэй. Үүнийг Засгийн газрын хөрөнгө оруулалт болгож өгөөч гэсэн саналаа УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэгт тавиад байгаа. Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. УИХ нааштайгаар шийдвэл эрчим хүчний салбар 20 жил үүрч явсан дарамтнаас салах гээд байна.
-440 сая долларыг 20 жилийн хугацаанд хуримтлуулсан нь рекорд уу?
-Үгүй. Гадаадын зээл тусламжийн дийлэнхийг эрчим хүчнийхэн аваад байна гэдэг. Гэвч тийм биш. 1990 оноос хойш Монгол Улс гурван тэрбум гаруй долларын зээл, тусламж авсны 18 хувь нь манай салбарт хамааралтай. Гэтэл хөг жиж буй орнуудад 40-50 хувьтай байна. Энэ өр дотор техникийн буцалтгүй тусламж гээд сул авсан зүйл байхгүй. Дандаа зээл. Олон шалтгааны улмаас энэ өрийг цайруулах үндэстэй гэж үздэг. Монгол Улсад мөнгөтэй болж байна гэж яриад байгаа. Энэ оноос 800 тэрбум төгрөг тараах гэж байна. Өөрийнхөө гал голомтыг нэг удаа цэгцлэхийн тулд 300- 400 тэрбум төгрөгийг зарцуулж яагаад болохгүй гэж.
-Хэрвээ үнэ чөлөөлсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан болов уу. Зах зээлийн эдийн засагтай ч эрчим хүчний салбар социализмын баримжаатай хэвээр байх шиг санагддаг.
-Эрчим хүчний тухай хуулиар Засгийн газраас хараат бус ЭХЗГ байгуулсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийн хамгийн зөв огтлолцол дээр ажиллах үүрэгтэй байгууллага. Үнэ тарифыг алдагдалтай баталж болохгүй. Хэрэв алдагдалтай баталбал үйлдвэр нь шүүхэд хандах учиртай. Гэтэл бүгд улсын статустай үйлдвэрийн газар тул сайд, дарга нараасаа айгаад шүүхэд ханддаггүй юм байна. Тэгээд алдагдал нь яваад байдаг. Гэтэл эрчим хүч бол байгалийн монополь салбар.
Чөлөөт зах зээл гэж, тэр дундаа Монголд байхгүй. Япон, Америкт бол өөр хэрэг. Жишээ нь, Улаанбаатарт ДЦС 4-тэй хэн өрсөлдөх юм бэ. Монголын цахилгаан эрчим хүчний 70 хувийг дангаараа үйлдвэрлэж байхад. Ийм тохиолдолд өрсөлдөөн гэж байхгүй, харин үндсэн зарчим бол бий. Сүүлийн үеийн Засгийн газрууд үүнийг ойлгож байгаа. Өнгөрсөн жилээс Төвийн эрчим хүчний системийн үйлдвэрүүд 15 тэрбум төгрөгийн татаасыг төсөвт суулгаж байна. Үнэ нэмэхийн оронд зөрүүг нь өгчихье гэж хандаж байгаа нь энэ. Өмнө нь чөлөөтэй гэчихээд үнийг нь нэмүүлдэггүй, тэгсэн атлаа алдагдлыг нь өгдөггүй байсан.
Үнэ нэмэх нь иргэдийн худалдан авах чадвараас хамааралтай. Энэ нь эдийн засгийн суурь болж байдаг учраас үе үеийн Засгийн газар үнийг нь барьж ирсэн. Ард түмнээс оноо авах гэж цахилгаан, дулааны үнийг барьчихдаг нь нууц биш. Тухайлбал, 2004-2008 онд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн. Дөрвөн жилд дөрвөн сайд солигдож, тэгээд тэр хүмүүс нь мэргэжлийн бус хүмүүс байсан нь салбарын бодлогыг тогтвортой явуулах боломжтой гэж үү?
-Төр хамгийн муу менежер гэдэг. Төрд байгаа учраас л алдагдалтай ажиллаад байгаа юм биш үү. Тиймээс хувьчлах хувилбарыг сөхөж ярьдаг.
-Энэ бол харьцангуй ойлголт. Монополь үйлдвэрийг хувьчилчихвал цөөхөн олигархийн гарт орно. ДЦС 4-ийг хувьчилбал би ийм ашигтай ажиллана, чи үүгээр нь авбал ав гээд л тулгана. Харин төрийнх байгаа учраас хүнд үе байсан ч яваад байна шүү дээ. Сүүлийн үед Концессын тухай хууль гэж их ярих болсон. Үүнийг болгоомжтой хэрэглэхгүй бол үндэстэн дамнасан олигархиудад бид хамаг байдгаа алдах болно.
БИ АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙГЭЭГҮЙ
-Танай салбарт их мөнгө эргэлддэг. Тиймээс улстөрчдийн ашиг сонирхол, лообий их, сонгуулийн мөнгө ч босгодог гэж ярьдаг. Танд тийм зүйл анзаарагддаг уу, ямар нэгэн дарамт дээрээс ирдэг үү?
-Ямар ч дарамт ирдэггүй. Би 1990 онд МАХН-д элсэж байлаа. Би улс төрийн албан тушаалтан. Энэ намын дэмжлэгээр өдий хүртэл ажиллаж байгаа. 1989 онд Политехникийн дээд сургууль төгсөөд Налайхын дулааны станцад засварчнаас эхлээд даргын албыг хашиж явсан. 1998- 2000 онд Налайхын Засаг дарга болсноос хойш намын томилолтоор улс төрийн ажлуудыг хийж байна. Тиймээс намын бодлого шийдвэрийг төрийн бодлого бол гохын төлөө, нэгэнт гарсан төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүн. Хүнд хэцүү үед нь ч, сайн сайхан үед нь ч хамт байсан. Би намдаа өөрийн гэсэн байр суурьтай хүн гэж боддог. Өнгөрсөн хугацаанд намынхаа зургаан их хуралд төлөөлөгчөөр, бага хуралд гишүүнээр, НИТХ-д дөрвөн удаа сонгогдсон. Нөгөө талаас нь үзвэл, дэд сайд бол ажлын албаны хүн. Боловсон хүчин сонгох, халах, тендер шалгаруулах ажил нь надад хамааралгүй.
-Гэхдээ дэд сайдыг хандивынх гэж тодорхойлолт дагадаг биз дээ.
-Ийм яриа хэзээ, яагаад гарсныг мэдэхгүй. Хувь хүнийхээ хувьд ярьж байгаа юм биш л дээ. Дэд сайдгүй улс орон байдгийг би мэдэхгүй юм байна. Дэд сайдгүй бол эрчим хүчний салбарын ажил яаж явахыг төсөөлөхгүй байна. Би юу хийдэг вэ гэвэл түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангах өвлийн бэлтгэл хангах комисс, салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөл, Дөргөн, Тайширын УЦС-ын төслийн болон Хөдөөгийн эрчим хүч дэх сэргээгдэх эрчим хүчний төслийн удирдах хороо, хуулиудын төслийн ажлын хэсэг гээд 10 гаруй ажлын хэсэг комиссыг ахлахаас гадна сайдыг эзгүйд сайдын эрх үүргийг гүйцэтгэдэг.
-Та өнгөрсөн сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд дараа нь нэрээ татсан. Танд энэ албыг амласан учраас ийм алхам хийсэн гэж ойлгогдсон.
-Хан-Уул, Багануур дүүрэг бол эрчим хүч, аж үйлдвэрийн бүс. Сонгогчид нь ч гэсэн эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрийнхэн. Тиймээс боломжтой гэж үзээд нэр дэвшсэн юм. Намын бага хурлаас Загджавыг ялж гарч ирсэн. Тэгтэл Энхтайваныг дэвшүүлэхгүй, Загджавыг нэр дэвшүүлнэ гээд жагсаал хийж, намын байранд суулт хийж бөөн юм болсон доо. Саналаа хувааж гурвуулаа ялагдчих тийм нөхцөл үүсээд Удирдах зөвлөлөөр энэ тухай хоёр ч удаа авч хэлэлцсэн.
Энэ нь зөвхөн Хан-Уулын асуудал биш, МАХНын рейтингт нөлөөлчихөөр хэмжээний асуудал байсан учраас хэн нэг нь нэрээ татах хэрэгтэй байсан даа. Тэр хүн ямар ч тохиолдолд дэвшинэ гэж зүтгээд байхад хувь хүнд ч, намд ч гай болоод яахав гээд би нэрээ татсан. Түүнээс биш намайг нэрээ тат гэж Удирдах зөвлөлөөс хэлээгүй. Нэрээ татвал ямар нэгэн албан тушаал өгөх юм гэсэн наймаа ч хийгээгүй. Хий гэснийг нь хийж явснаас би тийм ажил хийнэ гэж зүтгэж явсангүй. Засгийн газар байгуулагдах үед намаас дэд сайдын ажлыг санал болгосон. Дэд сайдаар ажиллаж байгаа нь нийгэмд гүйцэтгэх үүргийн хувьд УИХ-ын гишүүнээс илүү биш ч, дутуугүй ажиллаж байгаа гэж боддог.
-Улстөрчийн карьерийн гишгүүр нь мөнгө болдог гэдэг. Та хувийн бизнестэй л биз дээ.
-Гэр бүлийн хувийн компанитай. Нийтийн хоол, зочид буудал, зах, супермаркетийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг учраас миний эрхэлж буй ажилтай ашиг сонирхлын зөрчилгүй.
-Мэргэжил шаарддаг салбарт улс төрийн томилгоо хийж байна гэх шүүмжлэл бий. Танай салбарт ч мөн адил уу?
-Байгаа. Гэхдээ харьцангуй гайгүй. Төрийн албыг мэргэшүүлэх шаардлага бий. Сайдыг улстөрчөөр томилдог юм байж, түүнээс доош мэргэжлийн хүн байх ёстой. Дэд сайд ч ялгаагүй. Яамны ажил засгийн бодлого болдог. Засгийн бодлого нь төрийн бодлого болдог. Гэтэл төрийн бодлогыг нэг түшмэл тодорхойлоод сууж байж болохгүй. Яагаад гэвэл дадлага туршлагагүй,мэргэжлийн бус дарга удирдлага ихсээд ирэхээр л хаанаасаа хаалгач нь гэгчээр ийм байдал руу түлхэж байна.
-Хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх өнгө аяс гарч байгаа. Та энэ Засгийн газарт ажиллаж байгаа учраас үр дүнтэй ажиллаж байгаа гэж хэлэх байх л даа. Гадуурх шүүмжлэлийн талаар юу гэж боддог вэ?
-Зөвхөн энэ удаад биш, хоёр нам нэг хэсэгтээ л хамтрах байх даа. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Айлаар яривал өрх гэрийн хоёр багана болж байгаа. Үнэндээ хөгжлийн томоохон шийдэл гаргахад хамтрахаас өөр аргагүй. Хоёр нам л биеэ биедээ хяналт тавьдаг субьект биш. Бусад төрийн болон төрийн бусад байгууллага, иргэдэд хяналт тавих боломж бий.
Г.Өлзийсайхан