НЭГЭН ЗҮЙЛ: 1922 оны Усан нохой жилийн намар цаг. Нийслэл хүрээний зүүн захад орших Шар хадны бэлд нэгэн эр дээлээ толгой дээгүүрээ нөмөрч зогсоно. Тэрбээр,
Шар хадны оройд
Шар солонго татна
Шар уургаа хөхүүлсэн ээжийгээ бодохоор дэн дун... гэж өөрийн зохиосон дөрвөн мөртийг эргэцүүлэхүйд буун дуу тасхийв.
Ямар ч зоригтон бууны суманд оногдохдоо “ээжээ” гэж хэлж амждаг гэдэг. Тэрбээр сүүлийн үед олныг эргэцүүлсэн авч бодол бүхэн мухардаж эцэстээ “За дураараа болог” гэх болж. Тиймээс эцсийн мөчид эхийгээ дурссан нь тэр байлаа. Өөрт нь зориулж ухсан нүхэнд гулзайн унасан тэр хүн бол эр бяр, оюун ухаан тэгширсэн 37-хон настай, Ардын намын анхны дарга, Ардын засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо байв.
Ардын намын журмын нөхөд нь түүнийг баривчлахад мань эр эхлээд “Арай ч үгүй байлгүй дээ, энэ бол эндүүрэл” гэж бодож байсан. Харин Нийслэл хүрээнийхний хувьд цагтаа Монголын томхон сэхээтний нэг, Нийслэл хүрээнд гарсан анхны сонин хэвлэлд өөрийн бүтээлээ гаргаж явсан Д.Бодоогийн тухайд нэрийг нь ч хэлэлгүй “Нөгөөхийг бариад явсан гэнэ”, “Ардын засгийн дайсан болсон юм байх аа” гэлцэнэ.
Ямар ч шүүх хуралгүй, шүүхийн шийдвэргүй, хоригдсон цөөхөн хоногт тэрбээр ихийг эргэцүүлжээ. Түүний нэг нь яах аргагүй өөрөө өөрийгөө цаазад аваачихад хүргэсэн Ардын намын модон тамгыг сийлсэн явдал байв. Ардын намын журмын нөхөд нь түүнд тамга үйлдэхийг даалгасан.
Тэрбээр тамгыг сийлэхдээ харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөхийн тулд нам байгуулж, тэнгэрийн зараалаар энэхүү тамгыг үйлдэж байна гэж бодсон. Хүрээнд орж ирсэн хятад цэргийн зан авир тэсэхүйеэ бэрх болсон тэр үед хэсэг нөхөд сэм ярьж, нам байгуулахдаа нэгэн удаа тэднийхийг Сэлбийн голд буулгаж буй дүр эсгэн гэр барилцаж, зарим нь адуу мал усалж буй дүрээр цугласан.
Журмын нөхөд нь “Бодоо болбоос уулаас энэ мэт юмыг сийлж чаддаг, гарын урны явдлыг мэдэх учир намын бичиг зэрэгт дарж хэрэглэх тамга үйлдэж чадна” гэсний үндсэн дээр тамга үйлджээ. Тэрбээр зүгээр ч нэг тамга сийлсэнгүй. Тамга сийлэхэд ямар мод сонгох вэ гэдгээ бодсон.
Хаана нэг тийм мод байлаа хэмээн бодож явсаар хүрээндээ нэлээд бийлэгжүү нандин, чамин зүйл хэрэглэдэг журмын нөхөр С.Данзангийн аяганы ширээний хөл санаанд нь оров. Өөрийн бодлоо С.Данзанд хэлэхэд “Нэгэнт Ардын намын үйл хэрэгт амь бие, эд хөрөнгөө хайрлахгүй гэсэн болохоор сэтгэлд чинь таарч байвал авахгүй юу даа” хэмээн инээвхийлэх нь тэр.
Тэгээд л тэр дөрвөн хөлтэй ширээг догонцуулан байж тайрахдаа лам явсан хүний хувьд элдвийг бодож, эрээлж цээрлэсэнгүй. Өгсөн нь ч, авсан нь ч тэнгэрийн зараалаар тамга хийж байна гэж бодоцгоосон. Харин яг тулгаад “Чи бол хувьсгалын дайсан” гэхэд нь “Ингэхэд би юу хийчихэв” гэж элдвийг эргэцүүлэхэд хүрчээ. Тэр дундаа журмын нөхөд нь бусдын түлхээсээр “Чи ардын дайсан” гэхэд шар нь хөдөлж, “Ингэхэд Ардын намын модон тамгыг хэн сийлсэн юм.
Би сийлсэн” гэж хэлмээр ч санагдсан. Харамсалтай нь тэглээ гээд юу ч олж долоохооргүй болжээ. Тийм ч учраас 37 настай Ерөнхий сайд “Тэнгэрийн зарлигт учир байдаг юм байна. Би Монголоо аврах гэж тамга сийлсэн. Тэр бол тэнгэрийн зарлиг байсан. Гэвч тамга бол тамга л байдаг юм байна.
Тамга бол тэр чигээрээ эрх мэдэл. Тамга гэдэг хэн ч сөрж чадахгүй цайз, цааз юм гэдгийг даанч санасангүй дээ” хэмээн шүүрс алдсан удаатай. Гэвч тэрбээр Ардын намын модон тамгыг сийлсэндээ огт харамсаагүй бөгөөд хожмын нэг сайхан өдөр нар гарч, намайг дурсах болно гэж өөрийгөө зөвтгөсөн. Тийм ч учраас Шар хадны энгэрт цаг бусаар хадан гэрт очих сүүлийн агшиндаа шар уургаа хөхүүлсэн ээжийгээ сэтгэлдээ дурсан дуулж, өөрийг нь насан туршид хүлээх Янжиндаа, өөрийн гэсэн үр хүүхэд үлдээж амжаагүй хувь заяандаа хамгийн ихээр харамссан юм.

НЭГЭН ЗҮЙЛ: 2010 оны намрын адаг сард Монголын улс төрийн анхны нам МАХН уугуул нэрээ сэргээлээ. Төрийн ордонд сүр дуулиантай хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намынхаа даргыг Дамдины Сүхбаатарын Батболдоос үг хэлнэ хэмээн зарлах буюу Монгол Ардын Нам мандтугай хэмээн байн байн уухайлна. Харамсалтай нь энэ сценаар тэр дундаа түүхийг гуйвуулан буй баримтууд нам нэрээ сэргээсэн үйл явдлыг буруу тийш нь хэлтийлгээд авав.
Хаа очиж Сү.Батболд МАН-ын дарга болмогцоо анхныхаа томилолтоор Төв аймагт очиж МАН-ын анхны дарга, Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөсөн нь бусад сценаараас арай хүнлэг, түүхээ эргэж харсан явдал байв. Нэг үгээр хэлбэл Ардын намын модон тамгыг сийлсэн Д.Бодоог түүх бүр хожим, Ардчилсан хувьсгал ялсан хойно цагаатгасан шиг МАН анхны даргаа сая л анх удаа дурсан хүндэтгэсэн билээ. Ийнхүү бичих болсон учир нь МАХН өөрийн нэрээсээ татгалзаж, түүхийн өмнөх хуудас руу орох тэр агшинд хэн хүнгүй тамга барин гүйлдэж “Ардын намын тамга надад байна” гэх хүмүүс гарч ирсэнтэй холбоотой юм.
Яг хурлын үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хүртэл нэгэн тамгыг барьж хүн бүрийн толгойд адис тавих нь холгүй дүвчигнэж байсан. Басхүү сонин хэвлэлд Ардын намын тамга надад л байгаа хэмээн ам өрсөн ярьж, түүнийг нь олж аваад У.Хүрэлсүх даргад тушаалаа гэх нэгний ярилцлага ч хэвлэлд нийтлэгдэж байв. Тэр цагаас хойш домогт МАН-ын модон тамга хаа байна гэдэг эрэлд гарсан юм.
НЭГЭН ЗҮЙЛ. Түүх сөхөв. Тухайн үед МАН-ын модон тамгыг нүдээр үзсэн байх магадлалтай хүн бол Х.Чойбалсан.
Тийм ч учраас хувьсгалд биечлэн оролцсон Х.Чойбалсан, Д.Догсом, Г.Дэжид нарын бичсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” (УХГ. Улаанбаатар 1979 он) номын хуудсыг сөхлөө. Номын 56 дугаар хуудсанд “Намын хэмээх үсэгтэй модон тамга үйлдэж, тус намын хүмүүсийн нэгэнд эрхлүүлэн, бичиг зэрэгт дарж хэрэглэх санал гаргахад бүгдээрээ батлан зөвшөөрч энэхүү тамга үйлдэх явдлыг нөхөр Бодоод даалгав. Ийнхүү даалгасан учир болбоос Бодоо уулаас энэ мэт модоор юмыг сийлж чаддаг.
Гарын урны явдлыг мэдэх учир чингэж даалгасан болно. Бодоо энэхүү тамгыг Данзангийн аяганы хар модон хуучин ширээг эвдэж түүний модоор сийлж үйлдэн эхлэв” гэсэн байна. Эндээс харахад ямар ч гэсэн Ардын намын модон тамгыг Данзангийн ширээний модоор сийлсэн нь үнэн бололтой.
НЭГЭН ЗҮЙЛ. Өнөөдрийг хүртэл энэ тамга бидэнд хадгалагдсан уу гэсэн асуудал гарч ирнэ. Юуны түрүүнд Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй тамга санаанд оров. Ийнхүү мунхаглахын учир нь арай музейд байсан тамга алга болсон юм биш байгаа гэж бодсоных. Гэтэл үгүй ажээ. Олон жил “Энэ бол Монгол Ардын Намын модон тамга” хэмээн маньд үзүүлдэг тамга шилэн хоргондоо заларч байна. Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Бумаад тамганы мөрийг мөшгиж яваа учраа хэлбэл,
-Би чамд бололцооны хэрээр тусална гэж амлав. Төдөлгүй өөрийн баримтуудыг шүүж үзсэний дараа манай музейд Д.Бодоогийн сийлсэн хэмээх тамганы хоёр хувилбар хадгалагдаж байжээ. Түүний нэг нь 1971 онд музейн сан хөмрөгт бүртгэгдсэн. 5х5 хэмжээтэй, гэмтэлгүй модон тамга.
Түүнийг МАН-ын 1920 оны зургадугаар сарын 25-ны хурлаар баталсан. Д.Бодоо сийлсэн гэсэн тайлбартай хадгалсан байна. Нөгөө тамга нь дуураймал бөгөөд 4х4 хэмжээтэй нарс модоор сийлсэн. Түүнээс сүүлийнхийг нь хэлмэгдэгсдийн музейд шилжүүлжээ.
Манайд хадгалагдаж буй тамга 1971 оноос хойш музейд хадгалагдаж байгаа. Хаашаа ч хөдлөөгүй. Гэхдээ чухам энэ тамга жинхэнэ үү, хуулбар уу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй юм. Хуулбар байж болох тал бий гэдгийг хэлсэн юм. Тэрбээр монгол тамгыг судалсан Б.Дашзэвэг гэдэг хүний бичсэн өгүүллийг бидэнд өгч, энэхүү тамгыг хамгийн сайн мэдэх хүн түүхч З.Лонжид гуай гэж зааж өглөө. Б.Дашзэвэг гуайн “Үнэн” сонинд нийтлүүлсэн өгүүлэл үнэхээр сонин байлаа. МАН-ын тамганы талаар маш сайн судалгаа хийжээ.
Тэрбээр “МАН-ын анхны модон тамга голдоо соёмботой. Түүнийг тухайн үеийн бүх албан бичигт хэрэглэн 1922 оны гуравдугаар сарын 11 хүртэл мөрджээ. Харин энэ өдөр Тэргүүлэгчдийн зургадугаар хурлын аравдугаар зүйлд хэлэлцээд хуучин тамгыг халж шинэ тамга үйлдэхүйд “Монгол Ардын Төв Хорооны тамга” үсгийн болд тамга үйлдэхээр тогтож зохих газраа явуулсан бөлгөө. Дотоод яамнаас болд тамгыг үйлдэж мөн сарын 22 буюу зургадугаар сарын 16-нд дарж хэрэглэсэн болно гэсэн Намын түүхийн архивын материалыг нийтэлсэн байна.
Энэхүү баримтын хамгийн сонирхолтой нь Ардын намын модон тамгыг ямар ч гэсэн 1922 он хүртэл хэрэглэж байж. Нөгөөтэйгүүр МАХН-ын нэрээ сольсон хурал дээр У.Хүрэлсүхийн бариад байсан тамга нь “Монгол Ардын Намын Төв хорооны тамга” гэсэн бичигтэй болд тамга байж болох ажээ. Тэр зуур МАН-ын модон тамга хаачсан бэ гэсэн бодол төрөв. НЭГЭН ЗҮЙЛ. Түүхч З.Лонжид гуай бол яах аргагүй Ардын намын тамгыг барьж үзсэн байх магадлалтай хүн. Бид түүнтэй холбогдлоо.
Тэрбээр би Бодоогийн сийлсэн тамгыг барьж үзээгүй. Одоогийн Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй модон тамга бол Бодоогийн сийлсэн тамга байх учиргүй. Түүнийг Хувьсгалын музей байгуулагдаж байхад Монголын Урчуудын хорооны сийлбэрчин Тогоосүрэн нарын хүмүүс тамганы эх дардсыг харж сийлсэн гэж ярьдаг юм билээ. Тэр үнэнд нэлээд дөхнө.
Яагаад гэвэл Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй тамга төдийлэн олон баримтад дарагдаагүй нь илт байдаг. Яг Бодоогийн сийлсэн тамганы эх бичвэр энэ байна гээд гаргахад бас амаргүй. Түүний сийлсэн тамганы дардас тухайн үеийн Оросын Элчин Орловт хадгалагдсан байж болох талтай. Нөгөөтэйгүүр Оросын архивыг үзвэл манай тусламжийн бичигт үлдсэн байх магадлал бий.
Хувьсгалчдын яриаг судалж байхад Бодоогийн сийлсэн тамгыг тэд Орос руу авч явсан байдаг. Өнөөдөр бид Орост хүргэсэн тусламжийн бичгийг ташуурт хийж гарсан гэж итгэдэг. Гэтэл тэр ташуурыг Сэлэнгэ мөрөнд залж орхиод тусламжийн бичгийг сахиус болгон зүүж хил давсан баримт байдаг шүү дээ. Тэгэхээр тамганы хувь заяа хэрхэн шийдэгдсэнийг бид хэлэх аргагүй.
Ямар ч гэсэн одоогийн бидний үед тэр тамга ирээгүй гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. 1922 онд Бодоог цаазлахад ар гэрт нь хоёр боодолтой зүйл өгсөн юм гэнэ билээ. Энд нэг баримтыг дурдахад Д.Бодоо агсан үр хүүхэдгүй байсан бөгөөд түүнтэй ханилж байсан Янжин гэж эмэгтэй байсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай түүнд байр өгч байсан.
Тэр бол бодитой үнэн гэж ярьсан юм. НЭГЭН ЗҮЙЛ. Тэгэхээр Ардын намын модон тамга надад бий гэсэн үг яагаад гарах болов. Бас нэгэн түүхийг мэдэх хүн бол өдгөөгийн Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Өлзийбаатар. Тэрбээр МАХН-аас өмнө Ардын намыг сэргээж, улсын бүртгэлд бүртгүүлж байсан хүмүүсийн нэг. Басхүү хожим МАН-ыг МАХНтай нэгдэх хүртэл тус намын даргаар ажиллаж байсан билээ.
Тэрбээр өнөөдөр энд тэндээс гарч ирээд байгаа МАН-ын тамганы учгийг тайлж өгсөн юм. 1991 онд Д.Баасан лам нар МАНыг байгуулахдаа тамга хийлгэсэн байна. Тэд архивын материал ашиглан МАН-ын тамгыг сийлүүлжээ. Тэр тамгыг Г.Энхсайхан гэдэг хүн биечлэн хөөцөлдөж хийлгэсэн бөгөөд тус намд байсан Н.Энхээ нарын яриад байгаа тамга, У.Хүрэлсүхэд өгсөн гэж яриад байгаа тамга нь хожим тэдний хийлгэсэн тамга байхаас зайлахгүй гэж ярьж байна.
Уг нь тэд тамгаа 1999 онд МАХН-тай нэгдэхдээ тус намд хүлээлгэн өгсөн бөгөөд түүнээс өөрөөр МАН-ын тамга байх учиргүй гэж ярьж байлаа. Олон жил Архивын ерөнхий газарт ажилласан, басхүү цагтаа МАНыг сэргээж явсан энэ хүн өнөөдөр бидний үед Д.Бодоогийн сийлсэн тамга хадгалагдаж ирээгүй. Гэхдээ Бодоогийн сийлсэн тамганы дардас бүхий баримт бичиг гэвэл хадгалагдаж ирсэн нь бий хэмээн бидэнд нэгэн баримтыг үзүүлсэн юм.
Тэрхүү баримтад “Гадаад Монголын Ардын Намын бичиг. Тамга дарсан тэмдэгт бичиг шийтгэн олгосны учир энэхүү Чойбалсангийн бие манай Ардын намын хэргээр их Орос улсын Эрхүү хотын газар томилон суулгасан Ардын Намын төлөөний хүн мөн болохын тулд тамга дарсан тэмдэгт бичиг шийтгэн олгов” гэсэн бичиг дээр дарсан тамга байлаа. Тэгэхээр Д.Бодоогийн сийлсэн тамга ямар ч гэсэн Монгол Ардын Намын Төв хорооны болд тамга гартал бүх баримт бичигт дарагдаж байжээ. Тэгэхээр 1920 оноос хойш бүтэн хоёр жилийн хугацаанд энэ мэт олон баримтад дарсан тамга яавч элэгдэхгүй байна гэж үгүй. Ямар ч гэсэн Д.Бодоогийн тамга тэнгэрийн зараалаар хийгдсэн шигээ түүхэнд дурайгаад үлджээ.
ТӨГСГӨЛ.
Ийнхүү Д.Бодоогийн тэнгэрийн зарлигаар хийж байна хэмээн итгэж сийлсэн тамга бидний үед ирсэнгүй. Гэхдээ тэрхүү тамга эзэнтэйгээ, дардастайгаа их үйл хэргийн нотолгоо болон үлдсэн юм. Басхүү тэнгэрийн зараалаар их эрх мэдэл бүхий тамгыг сийлж болох авч тэр тамга буруу сэтгэлтний гарт орвол аюултай гэдгийг Ерөнхий сайд Д.Бодоогийн хувь заяа харуулсан билээ.
1922 оны наймдугаар сар. Шар хадны энгэрт Ерөнхий сайд Д.Бодоо итгэж явсан журмын нөхөд, өөрийн толгойлж тамгыг нь сийлсэн МАН-ын Ардын засгийн газрын шийдвэрээр хороогджээ. Тийм ч учраас түүнийг цагаатгах ажил бүр хожим болтол хойшлогдсоор ирсэн юм. Тэнгэрийн зараалаар Д.Бодоогийн сийлсэн тамганы хувь заяа энэ буюу.
Ш.Нацагдорж