ШААЗГАЙ, ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР
Шаазгай даарахаараа “Тий тий, маргааш л ёстой чухам ягхийсэн ясан гэр барьж орохоос” хэмээн шагширдаг юм гэнэ лээ. Өвлөөс өвөлд тохилог ясан гэр дэмий мөрөөдсөөр, тав тух алдаж хаширдаггүй залхаг шувуухайн шог манай Засгийн газарт тун дөхөм. Засгийн газрын заавраар айл өрх утаа гаргадаггүй зуух туршив. Олигтой халсангүй. Яндан болгонд утаагүй түлш шахаж эхэлсэн.
Нүүрснийх шиг илч дүүгсэнгүй. Шаазгайн тархинд ясан гэр зураатай өвөлждөг шиг Засгийн газрын төлөвлөгөөнд утааны эсрэг мөрөөдөл ёс төдий үзэгдэх. Багануурын уурхайн нүүрсний 70 хувийг түлж Улаанбаатар хотынхон дулаацдаг. Нийслэлд гэр хороолол байгаа цагт өвлийн түлшинд нүүрс хэрэглэсээр, утаа баагисаар байх нь тодорхой. Гэр хорооллыг орон сууцжуулахгүйгээр энэ утаа замхрахгүй нь одоогийн байдлаар нотлогдов. Улстөрчдийн уриа сүүлийн хэдхэн жилийн дотор он оноор өөрчлөгдөж ирснийг анзаарав уу?
Эхэндээ тэд “Улаанбаатарын утааг арилгана” гэж итгүүлдэг байлаа. Гэвч хөдөөнөөс шилжин ирэгсэд гэр хороололд гудам нэмж, утаа хаялдаг яндан жилээс жилд олширсоор одоо 145.000-аар тоологдож байна. Эрх баригчдын дуу суларч, нийслэлд утаа өтгөрөх хэрээр эхний амлалт бүр мө- сөн орхигдов. “Улаанбаатарын утааг арилгахгүй, 50 хувиар бууруулна” хэмээн амлах нь тэр. Тэгээд буурсан уу? Бүр өт гөрсөн. Засгийн газрын хувьд утаа байгалийн гамшиг мэт “даваг дашгүй хүчин зүйл” болон хувирлаа.

ЭДЛЭХ ЁСТОЙ ЭХНИЙ ЭРХ
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгэн заалт огт хэрэгжилгүй 10 дахь оноо үдэж байна. Жишээлбэл, өчигдөр манай улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэл хотын агаар стандарт утгаасаа азотын давхар исэл 1.5 дахин, хүхэрлэг хий 5.6, озоны хий 1.8, том ширхэглэлт тоос 1.8, нарийн ширхэглэлт тоос 2.6 дахин их байлаа. Гэвч бид эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй.
Амьсгалбал зохих хэмжээнээс хэд дахин их хортой агаар уушиглаж байгаагийнхаа эсрэг дуугардаг хүн одоо байхгүй болжээ. Иргэний хөдөлгөөнийнхөн амны хаалт зүүн тээр жил нэг удаа жагссаныг эс тооцвол хүмүүс цэвэр агаараар амьсгалах эрхтэй гэдгээ бүрмөсөн умартаж, улстөрчдийн “ясан гэр”-ийн үл гүйцэлдэх үлгэрт мансуурав. Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа.
Хүн бүр хөдөлмөр эрхлэхийг хичээж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Засгийн газар ард иргэдэд уриалав. Ходоод, хэтэвч чухал хэдий ч уушги мартагдаж байна. Хөдөлмөр хүний хөгжлийн хүчин зүйл гэдэгтэй хэн маргах билээ.
Монгол Улс эдийн засгийн өсөлтөд чиглэсэн бодлого түлхүү баримтлах зуур хүний анхдагч хэрэгцээ, амьд явах үндэс болсон агаарын тухайд цэгцтэй чиглэл алга. Засгийн газар энэ оныг нийслэлийн тухайд жичид нь “Утаагүй жил”-ээр зарлавал яасан юм бэ. УИХ-ын сонгуулийн угтал онд хүмүүсийн сонсохыг хүссэн зүйлийг ярьж, харахыг хүссэн ажлыг нь хийж эхэлсэн нам л оноо авдаг бичигдээгүй хуультай шүү дээ. Улаанбаатарын утааг бууруулах нэрийн дор олон бизнес цэцэглэсэн.
Зуухны төсөл, утааг үй түлшний тендер, олон улсын тусламж хандив гээд сүүлийн тавхан жилд хэдэн их наядаар хэмжигдэх хөрөнгө үргүй урссан дүн бий. Өнгөрсөн оноос орон сууцжуулах хөтөлбөрүүд дэх яндан цөөлөх тоо нэмэгдэж байна. 2010-2016 онд хэрэгжих орон сууцны хөтөлбөрийн хү- рээнд Улаанбаатарт 75.000 яндан цөөлөх төлөвлөгөөтэй бөгөөд үүнд 10 гаруй их наяд төгрөг шаардагдах тооцоо гарчээ.
Энэ нь Улаанбаатарын утааг 50 хувь бууруулах Засгийн газрын амлалт юм. Засгийн газар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлаа энэ оноос утаатай нийслэлдээ уриалан зарлана уу.
Он солигдох мөчид Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж сүү өргөн ёсолсныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд хортой нөхцөлд аж төрж буй ард түмэндээ ёгтоор хандсан аюулгүй байдлын зөвлөгөө хэмээн ойлгож болох билээ. Сүү хор тайлдаг шүү дээ.
Бид хүнд үйлдвэрийн ажилчид, уурхайчид, дайны хөлд нэрвэгдэгсдээс дутахааргүй хортой орчинд амьдарч, хорт утаа уушгилж байна.