
Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газрыг нь сургуулийн эзэмшилд буцаах дүгнэлт гаргасан талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Өдгөө Улаанбаатар хтод 275 сургууль байгаагийн 148 нь төрийн, 127 нь төрийн бус өмчид хамаардаг аж. Эдгээрээс орчиндоо спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх гэнэ. Энэ талаар нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд "Сургуулийн биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж, өнөөдрийн байдлаар 11-ийнх нь биеийн тамирын талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургуулийн спортын талбай нь аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал байгаа” хэмээв.
Мөн хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй байдгийг дурдав. Иймд зайлшгүй биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгаа гэнэ.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахыг санууллаа.