
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Вакцинд хамрагдаад КОВИД-19 халдвар авсан 11912 хүн байна. Үүнээс хоёрдугаар тунд хамрагдаад халдвар авсан 3876 иргэн бий. Энэ нь нийт өвчилсөн иргэний 0,53 хувийг эзэлж байгаа юм. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоногоос хойш халдвар авах магадлал эрчимтэй буурсан.
Монгол Улсад халдвар авсан 13197 хүүхэд байна. Хүүхдийн халдвар авч буй шалтгааныг вакцинжуулалттай холбоотой гэж бид үзэж байгаа. Өдөрт батлагдаж байгаа халдварын 26-30 хувийг хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-нд 927 хүн батлагдсаны 30,9 хувь нь 0-17 насны хүүхэд байсан.
Манай эрдэмтэд, судлаачдын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тохиолдол эрчимтэй буурна гэсэн судалгаа гарсан" гэлээ.