
Засгийн газрын ээлжит хуралдаан уржигдар болж, "Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг дэмжиж, хэрэгжүүлэхээр боллоо. Сумын иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн аж ахуйн болон төрийн үйлчилгээг иж бүрнээр, адил тэгш хүртээхэд энэхүү төслийн гол зорилго оршино хэмээн Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд үзэж байгаа аж.
Сумын инженерийн дэд бүтцийг бий болгохдоо бүсчилсэн хөгжүүлэх бодлого баримталж Үндэсний хөгжлийн газраас боловсруулсан 84 микро бүсийн төлөвлөлттэй уялдуулан 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн, Батсүмбэр, Угтаалцайдам, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Эрдэнэ сумд эхний ээлжид хэрэгжүүлэх юм байна. Эл төслийг хэрэгжүүлэх сумдыг сонгохдоо суурин хүн амын тоо, нийгмийн үйлчилгээний таталцал, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн байдал, газар нутгийн даац болон багтаамж, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, нөөц зэрэг төвлөрөл үүсгэх хүчин зүйлүүдийг харгалзан үзжээ.
Энэхүү төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна хэмээн холбогдох албаныхан үзжээ. Үүнд:
-Сумдын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан стандартын шаардлагад нийцтэл цэвэршүүлэн, хөрсний бохирдлыг бууруулна;
-Дулаан, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж, нийтийн халуун усны үйлчилгээг хүн амд үзүүлнэ;
-Сумын төвийн орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7.800 өрхийн 31.2 мянган хүн ам инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно;
-Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах таатай боломжийг бүрдүүлнэ;
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн аж ахуйн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангах зэрэг багтжээ.