
Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогыг оновчтой тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Төслийн зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих, тогтвортой, хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээг сайжруулах цаашлаад ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, ажлын байр бий болгоход оршино хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж. Уг төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих, малчид, тариаланчид болон хэрэглэгчдийг холбосон хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулж, оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэнэ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан Монгол Улсын хүн амынхаа хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж, зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг газар тариалангаас хангаж байгаа төдийгүй, органик хүнсний бүртгэл мэдээллийн санг ашиглалтад оруулж, эрүүл ахуй, чанарын хяналтаа зохих хэмжээгээр сайжруулсан зэрэг хүнсний тогтолцоонд ахиц дэвшил гарсан хэмээн онцолж байв.