
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар дээрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. Сэлбэ голын дагуу Улаанбаатар хотын төвийг захын гэр хороолол болон зуслантай холбох Сэлбийн хурдны 25.2 км авто зам тавих аж. Эл замыг ашиглалтад орсноор хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын замуудын ачаалал, түгжрэл багасах нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан үзжээ.
Мөн Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 мВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 онд барьж эхэлсэн юм. Албаныхан ажлын явцтай танилцах үеэр станцын барилга, шугам, сүлжээний угсралтын гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байгаа хэмээн холбогдох хүмүүс ярилаа. Албаныхан “Эл дулааны цахилгаан станцад 30 аж ахуйн нэгжийг холбох бөгөөд үнсээ 99.9 хувь шүүж, тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи гэдгээрээ онцлогтой. Станцыг зургадугаар сарын 30-нд ашиглалтад оруулна. Үүний дараа тохируулгаа хийнэ. Бид нийт гурван дулааны станцыг барина. Цаашид Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын дулааны станцыг ашиглалтад оруулснаар 120 мянган өрхийг дулаан, хэрэглээний усаар хангана” гэв.