
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан анхааран ажиллаж буй.
Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн 20 тонн ноолуурыг анх удаа, газраар тээвэрлэн, экспортоллоо. Энэ удаа Итали руу 20 тонн ноолуур экспортолсон бөгөөд 10 тн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй гэнэ. Тодруулбал, тухайн ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх аж.
“Ханбогд кашмер” компанийнхан өмнө нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногт зорьсон газраа хүргэх боломжтой болжээ.