
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 4-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 24, могойг хүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2814.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 395.50, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
12.00 цагт Өнөөдөр Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын наадамд зөвхөн Монгол морийг уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлаар Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Унгар улсад Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байгаа аж.
- 1989 онд БНХАУ-ын Тяньаньмэний талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг Ардын чөлөөлөх армийнхан хүчээр даржээ. Энэ үеэр 241 хүн нас барсан байна.
- 1985 оны энэ өдөр Германы хөлбөмбөгчин Lukas Podolski мэндэлжээ.
- 1919 онд АНУ-ын Конгресс АНУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр нэмэлт өөрчлөлтийг баталснаар эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болжээ.