
Ховд аймгийн Мянгад сумын Цоохор харгана гэх газарт орших гэрээсээ тус аймгийн харьяат, иргэн Ц энэ сарын 2-ны 00.30 цагт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарчээ. Түүнийг Ховд голын усанд живсэн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь үзэж, тухайн өдрийн 09.12 цагт Онцгой байдлын газарт мэдээлэл хүргүүлсэн аж. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 48 настай Ц-ыг Цоохор харгана гэх газраас Бор-Овоо хүртэл 30 километрт завиар, Ховд голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.00 цагт түр зогсоосон гэнэ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө 07.00 цагт дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.