
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн онд баталсан бөгөөд ирэх намраас бага ангийн сурагчдад үдийн хоол өгч эхлэх гэнэ. Эл хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны сурагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсээс өнөөдөр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч, нярав зэрэг 5.500 гаруй хүн хамрагджээ.
Энэ үеэр цаашид дунд, ахлах ангийнхан ч "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдана хэмээн холбогдох албаныхан хэлэв. Одоогоор "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх, хоолзүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах, хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгаа аж.