
69 настай Крапп өвгөн идэр залуу насаа “үлдээсэн” хуурцгаа олж, бичлэгийг сонсоно. Хуурцаг дахь залуу Крапп, одоогийн хөгшин өвгөн хоёрын дунд сэтгэл зүйн зөрчилдөөн өрнөх аж. Ингэсээр тамир тэнхээгүй болж, сэтгэлийн гүн хямралд орсон хөгшин Крапп амь тасран үхэж буйгаар жүжиг төгсөнө. Нобелийн шагналт, Ирландын зохиолч Самюэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг” жүжиг тайзнаа “амилсан” нь энэ. Абсурд төрлийн энэ жүжгийг “Хар хайрцаг” (“Black box” театр)-ийн М.Боролдой найруулж, жүжигчин Г.Мөнхжаргал тоглов.
Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газрын ивээл доор, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, “49 дүгээр гудамж” театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын уралдаант наадам энэ сарын сүүлчээр болно. Энэхүү наадам нь Монголын театрын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзан дээр өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилготой. 2015 оноос зохион байгуулсан “Ялагчдын цуваа” олон улсын наадамд АНУ, ОХУ, БНХАУ, Испани, ХБНГУ, Польш, Румын, БНСУ, Израил, Монтенегро, Молдав, Киргиз, Якут зэрэг дэлхийн 30 гаруй орны уран бүтээлчид нэг хүний жүжгээр оролцож, өрсөлдөж байв. Түүнчлэн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын өндөр зэрэглэлийн, нэр хүндтэй шүүгчид багтдаг нь энэхүү наадмын чанар чансаа, түвшнийг тодорхойлдог юм. “Ялагчдын цуваа” наадмыг угтан жил бүр “Үндэсний ялагч” нэг хүний жүжгийн уралдааныг зохион байгуулдаг. Энэхүү уралдааны ялагч нь “Ялагчдын цуваа” наадамд эх орноо төлөөлөн олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөх эрх гарддаг. Өнөө жилийн үндэсний ялагчийг тодруулах уралдаан өнгөрсөн долоо хоногт болж, өндөрлөлөө. Уран бүтээлчдийг Монголын моно жүжгийн төвийн тэргүүн, УДЭТын жүжигчин Ц.Баясгалан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг, ХБНГУ-ын Франкфурт хотод ажиллаж, амьдардаг урлаг судлаач, жүжигчин М.Атармаа, “Дэлхийн монголчуудын боловсрол, соёл, урлаг” төвийн тэргүүн Ц.Инъяахүү, “Урлаг маркет” ХХК-ийн захирал Б.Нямсүрэн нар шүүж, шилдгийг тодруулсан.
“Үндэсний ялагч” нэг хүний жүжгийн уралдааныг өнөө жил орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан цахимаар зохион байгууллаа. Уралдаанд төвийн болон орон нутгийн театрын уран бүтээлчид бүтээлээ ирүүлснээс сүүлчийн шатанд долоон жүжигчин найман жүжгээ толилуулав. Хоёр өдөр үргэлжилсэн уралдааныг дээр дурдсан “Краппын сүүлчийн бичлэг” жүжгээрээ Г.Мөнхжаргал хагалсан юм. Тэрбээр энэхүү уралдаанд эл жүжгээс гадна Гириш Карнадын “Хэмхэрхий дүрс”-ээр мөн өрсөлдсөн. Ж.Амарзаяагийн найруулсан супер реалист уг жүжигт зохиолч, их сургуулийн багш, богино өгүүллэгийн мастер, 30 гаруй настай залуугийн тухай өгүүлдэг. Энэ залуу нэгэн телевизийн шууд ярилцлагад оролцох болсноор жүжиг эхэлдэг. Гэтэл телевизийн дэлгэцэд гарсан түүний дүрс амь орж, өөртэй нь ярилцсанаар жүжиг цааш үргэлжлэх аж.
Монголын моно жүжгийн төвийн тэргүүн, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Үндэсний ялагч” уралдааны цар хүрээ улам тэлснийг орон нутгийн театруудын уран бүтээлчид олноор өрсөлдөж буйгаас харж болохоор байна. Нэг хүний жүжгийг 45-60 минутын турш үзэгчдийг тайзнаа ганцаар “уяж”, тоглодог учраас жүжигчнээс асар өндөр ур чадвар шаардана. Жүжгийн энэ төрөл манайд харьцангуй “залуухан”. “Гэгээн Муза” академиас зохион байгуулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 10 жилийн ойн дээрээ нэг хүний жүжгийн төрлөөр шилдгүүдийг тодруулах номинац нэмж оруулсан нь уг төрлийг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон юм. Дэлхийд хурдацтайгаар хөгжиж буй жүжгийн энэ төрлийг эх орондоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, туурвиж буй уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Орон орныхоо үндэсний ялагч болсон уран бүтээлчидтэй “Ялагчдын цуваа”-нд өрсөлдөхөөр өөрсдийгөө “сойж” буй жүжигчдэд баяр хүргэе. Жүжигчин ур чадвараа хэрхэн шавхаж, үзэгчдэд өөрийгөө өөрөө яаж нээж болдгийг уралдаанд оролцсон уран бүтээлчдээс харж болно. Оролцогч бүр алдартай, сонирхолтой зохиолоос сэдэвлэсэн жүжиг сонгосноос гадна уран бүтээлдээ өөрийн орны онцлогийг шингээхийг хичээсэн нь сайшаалтай” хэмээлээ
“Үндэсний ялагч” уралдаанд жүжигчид Монголын моно жүжгийн төвийн “The parade of winners” фэйсбүүк хуудсаар дамжуулан бүтээлээ үзэгчдэд хүргэн, шүүгчдээр үнэлүүлж байлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Б.Баттуяа Алексей Нялаевын “Тэнэгхэн”, Дорноговийн “Саранхөхөө” театрын Ч.Одондэмбэрэл “Хязгааргүй”, М.Базарсад “Сармагчин”, Төв аймгийн “Монгол туургатан” театрын Р.Янжиндулам зохиолч Б.Батдэлгэрийн “Би хэн бэ”, Өмнөговийн Хөгжимт драмын театрын жүжигчин Б.Ариунтуяа зохиолч Г.Амартүвшингийн “5+1=7”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчин Д.Очирпүрэв Петер Турринийн “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээ олны хүртээл болгов. Орчин үеийн, үндэсний уламжлалаа харуулсан гээд олон төрлийн жүжгийг уран бүтээлчид толилуулсан. Түүнчлэн жүжигчний олон сонирхолтой арга барилыг үзэж, туршлага судлах боломжтой байв.
Шүүгчид өнөө жилийн уралдааны шилдгээр “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин Р.Янжиндулам нарыг тодрууллаа. Жүжгийн найруулга, хэлэх гэсэн санаа, шийдэл, жүжигчний уран чадвар өндөр байсныг шүүгчид дурдан, эх орноо төлөөлөн олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөх эрх олгосон. Түүнчлэн УДЭТ-ын нэрэмжит шагналаар Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын жүжигчин Ч.Одондэмбэрэлийг урамшуулав.
Ташрамд дурдахад, Монголын моно жүжгийн төв 2017 оноос СУИС-тай хамтран нэг хүний жүжгийн сургалтыг жүжигчид, энэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зохион байгуулдаг болсон. Тус сургалтад хамрагдсан уран бүтээлчид “Үндэсний ялагч” уралдаан, “Ялагчдын цуваа” наадамд амжилттай оролцсоор байна. “Ялагчдын цуваа” наадмыг 2017 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институт албан ёсоор бүртгэж, хамтран зохион байгуулдаг болсон. Өнөө жилийн наадмыг энэ сарын 21-24-нд зохион байгуулж, шилдэг жүжигчдийн уран бүтээлийг хүргэн, гран при шагналын эзнийг тодруулах юм.