
МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тус хорооны тамгыг буцаан өгчээ. Энэ мэдээллийг МҮОХ-ноос тодруулахад тамгыг буцаан өгсөн нь үнэн болохыг баталж, маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ гэв.
Эргэн сануулахад Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан, эсэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж буй. Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм.
Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягийн нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ.