
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Үндэсний Статистикийн Хороотой хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, дотоод шилжилт хөдөлгөөний үндэсний тоон мэдээллийн чанарыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллагууд нь анх удаа хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хоёр талууд Монгол Улсын дотоод статистикийн систем, хүн ам, өрхийн судалгаа зэрэг шилжих хөдөлгөөнийг тооцсон тоон мэдээлэл, судалгаануудад үнэлгээ хийх, аймаг, нийслэл, дүүргийн болон холбогдох төрийн албан хаагчдыг чадавхжуулах үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах аж. Мөн шилжих хөдөлгөөний тоон мэдээллийн хэрэглээг дэмжих зорилгоор хэвлэмэл болон цахим хэлбэрийн ач холбогдол бүхий тоон мэдээллийг тодорхойлох, xэрэглээнд нэвтрүүлэх тал дээр анхаарах гэнэ.
Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос хойш эрчимжиж, 2021 оны байдлаар нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч байгаа аж. Эсрэгээрээ орон нутаг эзгүйрч, сум, аймгийн хөгжил удаашрах, хот хөдөөгийн ялгаа ихсэх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа талаар холбогдох албаныхан хэлэв.
Зөвхөн 2020 онд л гэхэд орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирж, оршин суух бүртгэл хийлгэсэн 39 мянган иргэн бий. Гэвч оршин суух бүртгэл нь орон нутагт боловч, Улаанбаатар хотод оршин суудаг мянга мянган иргэн байдаг ч эдгээр иргэдийн тухай тодорхой тоон мэдээлэл байхгүй гэнэ. Цаашлаад, бүртгэлтэй газраасаа өөр газарт төрийн үйлчилгээ буюу боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх нь орон нутагт ч хавтгайрсан ба энэ нь төр иргэнд хүрч үйлчлэхэд, тэгш, хүртээмжтэй хүргэхэд саад болсоор байна. Иймд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон ҮСХ хамтран дотоод шилжих хөдөлгөөний талаарх үндэсний мэдээллийн чанарыг нэмэгдүүлэх, одоо байгаа шилжилт хөдөлгөөний тоон мэдээллийн ашиглалт, хүртээмж, харагдах байдлыг сайжруулан, шилжилт хөдөлгөөнийг бодлого, зохицуулалтад уялдуулан, цогц байдлаар нэвтрүүлэх чиглэлд хамтран ажилласнаар Монгол Улсын Засгийн газар баримт нотолгоонд суурилсан дотоод шилжих хөдөлгөөний үндэсний тоон мэдээллийн бодлого, зохицуулалтад өргөнөөр ашиглах боломж бүрдэх юм. Энэхүү хамтын ажиллагааг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэнэ.