
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан болж, “Барилга байгууламжид эрчим хүчний гэрчилгээ олгох журам”-ыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн саналаар дэмжсэн билээ.
Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээр "ногоон" болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын үнэлгээний системийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлэх суурь нөхцөлд бүрдэнэ хэмээн албаныхан үзэж буй. Өөрөөр хэлбэл, таны худалдаж авсан барилга, орон сууц хэдий хэмжээний эрчим хүч зарцуулдаг болох, үүнээс шалтгаалан сард цахилгаан, дулаандаа хэчнээн төгрөг төлөхийг урьдчилан мэдэж болно гэсэн үг.
Барилгын салбар нь Монгол Улсын дулааны эрчим хүчний 56, цахилгаан эрчим хүчний 38 хувийг хэрэглэж, нийт хүлэмжийн хийн ялгарлын 30 хувийг дангаар бүрдүүлдэг гэх судалгаа бий. Өдгөө Улаанбаатар хотод 1990 оноос өмнө барьсан, дулаалах шаардлагатай 420 гаруй орон сууцын барилга байгаа гэнэ. Эдгээр барилгуудын халаалтад жилдээ 1.1 тэрбум кВт эрчим хүч буюу 20 орчим тэрбум төгрөг зарцуулж, 1.190 мянган тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Дээрх журмыг хэрэгжүүлж, эдгээр барилгуудыг дулаалснаар халаалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг 20-40 хувь буурах боломжтой хэмээн салбарынхан үзжээ.
Барилга, байгууламжид гэрчилгээ олгох журмыг хэрэгжүүлснээр
-Эрчим хүчний үр ашиг бага, дулааны алдагдал ихтэй хуучин барилгуудын хэрэглээний түвшнийг тогтоох, шинээр барьж буй барилга, байгууламжид зураг төслийн шатнаас нь эхлэн эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлтийг тогтоох боломж бүрдэх, хэрэглэгч болон ашиглагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх,
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өсгөх;
-Ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлэх нөхцөл бүрдэх;
-Ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоо хөгжих;
-Барилга, байгууламжийн ашиглалтын зардал буурч, эрчим хүчийг хэмнэснээр хүлэмжийн хийн ялгаруулалт болон байгаль орчны бохирдол багасах зэрэг эерэг нөлөөлөл, давуу талууд бий болно хэмээн Барилга, хот байгуулалтын салбарынхан үзэж буй.