Хурган дотортой улаан лоовууз, хөх тэрлэгээр “гангарч”, гаанс зуун зогсож буй энэ буриад өвгөнийг Цэгмидийн Алтангэрэл гэдэг. Гэхдээ тэр буриад хүн биш л дээ. Бүжигчин мэргэжлийнхээ ачаар Ц.Алтангэрэл гуай үргэлж л хэн нэгний дүрд хувирч явдаг юм. Нэг удаа бүр эмэгтэй хүн болж бүжиглэж байсан гэсэн шүү. Түүгээр ч зогсохгүй энэ хүнээр багшлуулж, Монголын бүжгийн урлагт хөл тавьсан хүний тоо 100 хол давсан. Ёжтой инээд, нөхөрсөг хошигнол, оносон шүүмжлэлээрээ нөхдөдөө үнэлэгдэж, бүжгийн урлагт 40 жилийн амьдралаа зориулж яваа эрхэм хүнийг та бүхэнтэй уулзуулъя.
-Бүжигчид ер нь их эрт тэтгэвэрт гарах юм аа. Саяхан танай чуулгын бүжигчин Ш.Одонтуяа гавьяат тэтгэврээ тогтоолгосон гэж байсан.
-Тийм шүү. 20 жил ажиллаад л тэтгэвэрт гардаг юм. Би 1994 онд тэтгэвэрт гарсан. Гэхдээ үргэлжлүүлэн чуулгадаа есөн жил дасгалжуулагч багшаар ажиллаж байгаад Герман явсан. Тэнд хоёр жил чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, эргэж ирснээсээ хойш ХБК-д багшилж байна.
-Нэг өдөр тайзнаасаа буувал эвгүй санагдах байх даа. Харин танд тийм зүйл тохиолдоогүй юм байна.
-Чөлөөт уран бүтээлч нэрээр бүжиглэсээр байсан учраас гайгүй ээ. Тайзнаасаа гэнэтхэн буувал эвгүй байлгүй л яах вэ дээ. Тэтгэвэр тогтоолгоод тайзаа орхидог нэгэн байхад бэртэж, гэмтээд бүжиглэх аргагүй болох нь ч бий.
-Хэрхэн энэ мэргэжлийг сонгож, анхны мэргэжлийн бүжигчдийн нэг болов?
-Би Дорнод аймгаас ирж сургуульд орсон юм. Намайг зургадугаар ангид сурч байхад Хөгжим бүжгийн дунд сургуульд орох сонирхолтой хүүхд үү дийг Жав багш шалгаж авсан юм. 1970 онд аймгийнхаа дөрвөн хүүхдийн хамт монгол бүжгийн анхны ангид элсэн орсон. Жав, Долгорсүрэн, Алтан цэцэг, Дамдин багшийнхаа зааснаар дөрвөн жил сураад, Улсын ардын дуу бүжгийн чуулгад хуваарилагдаж байлаа.
-Хамгийн чадварлаг бүжигчдийг л чуулгад хуваарилдаг байсан байх.
-Мэргэжлийн ур чадвараас хамаарна. Соёлын яамны томилолтоор чуулгын бүжигчин болсон. Түүнээс биш манай Дорнод аймгийн театрынхан намайг авна гэдэг байсан л даа.
-Та “Чацуутан” бүжигт буриад өвгөний дүр бүтээдэг нь санамсаргүй биш байх нь. Дорнод аймагт буриадууд олон байдаг учраас зан үйл, байр байдлыг нь гадарладаг хүнд энэ дүрийг оноосон юм аа даа?
-Дорнодод буриад олон. Гэхдээ би буриадууд нэг тиймэрх үү улс байдаг гэж харж байснаас биш зан үйлийг нь сайн мэдэхгүй. Сэвжидийн Сүхбаатар ЗХУ-д сурдаг байхдаа зуны амралтаараа ирчихээд “Чацуутан” бүжгийг тавьж байсан юм. Зураач Тэнгисболд хувцасны эскизийг гаргаж, гавьяат жүжигчин Зоригоо, Нарангэрэл, Довчин бид дөрөв бүжиглэж байлаа. Түүнээс гадна, чуулгын тайзнаа гарсан анхны бүжиг маань ч буриад. Ц.Сэвжид багшийн дэглэсэн “Гурван хүний буриад”-ыг сургууль төгсөж чуулгад очоод “Бидний дуу” концертийн үеэр гавьяат жүжигчин Баттуул, Чулуунцэцэг нартай бүжиглэж байсан.
-“Жалам хар”-д хэзээнээс бүжиглэсэн бэ?
-Хөгжмийн бүжгийн дунд сургуульд сурч байхдаа л “Жалам хар”-ыг сурсан. 1973 онд бид ангиараа Берлинд болсон Дэлхийн залуучууд, оюутны X их наадамд оролцсон юм. Тэгэхэд Зоригоо, Оюубазар бид гурав “Жалам хар”-ыг бүжиглэж байлаа. Тухайн үед намайг “намхан байна” гээд, миний оронд С.Сүхбаатар бүжиглээд “Жалам хар”-аар тэргүүн шагнал хүртсэн. Биднээс өмнө чуулгын бүжигчин Мягмардорж, Даваа, Ламжав багш нар анх энэ бүжгийг хийж байсан юм билээ.
-Таны хөвгүүд ч бас энэ бүжгийг хийдэг байх аа?
-Тийм ээ. ҮДБЭЧ-ын 60 жилийн ойд зориулсан бүжгийн тоглолтын үеэр таван үеийн “жалам хар”-ууд нэгэн тайзнаа гарч ирсэн шүү дээ.
-Таныг чуулгад ажилд орж байх үед бүжгийн анги олон хүнтэй байсан уу?
-Эрэгтэй бүжигчин цөөн байсан шүү. Бидний өмнө Сүхбаатар төгсөж очсон байсан.
-Хөгжим бүжгийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтад орохоосоо өмнө бүжигчин болно гэж боддог байв уу?
-Үгүй. Уг нь бага ангид байхаасаа гармонь тоглож сураад, дараа нь баянхуур хөгжмийн дугуйланд орж хөгжимчин бо лохоор зорьж байсан юм. Сургуульд байхдаа урлаг, соёлын ажилд идэвхтэй оролцдог байсан учраас “энэ бүжиглэж чадна” гээд нэг, хоёр удаа багш нар бүжиг хийлгэж байснаас өөр зүйлгүй. Зургадугаар ангид байхдаа украин бүжиг хийж байсан юм байна. Намайг бүжигчин болсон гэхээр хүмүүс гайхдаг л юм. Гэхдээ одоо бол бүжиг миний амьдрал. ҮДБЭЧ-ын ахмад бүжигчдийн тоонд багтаж, багшийнхаа оронд багшлаад явж байна. Урлагийн хүн болох хүслээ биелүүлснээрээ бахархдаг.
-Хөвгүүдийнхээ бүжгийн авьяасыг хэзээ олж харсан бэ. Даваахүү таныг эзгүйд чуулгын дагалдан бүжигчин болсон бол Батхүү ХБК төгссөн байх аа?
-Бид 1991-1993 онд циркийн жүжигчидтэй хамтран АНУ-ын “Ringling bros” циркт тоглосон юм. Тэр үед Даваахүү сургууль төгсөж, хадам ээж маань түүнийг хөтлөн чуулга руу очоод, манайханд хүлээлгэн өгсөн байгаа юм. Хүү маань Хүүхдийн ордны бүжгийн болон драмын дугуйланд сурдаг байсан л даа. Би Даваахүүг драмын жүжиг чин болох байх гэж боддог байсан.
-Гэхдээ бүжигчид ч гэсэн бүжгэн жүжигт дүр бүтээдэг учраас жүжиглэлт хэрэгтэй байх.
-Гавьяат бүжигчин гэлгүй жүжигчин гэж байгаа нь тийм л учиртай. Түүнээс гадна мэргэжлийн үнэмлэх дээр ч гэсэн жүжигчин гэж бичсэн байдаг.
-Та хэзээ гавьяат жү жигчин боллоо?
-1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор гавьяат жүжигчин болсон.
-Тоглолтын үеэр гэмтэх тохиолдол олон уу?
-Байлгүй яах вэ, шагайгаа мултална, шал цөмөрнө. Италид тоглож байх үеэр хонгон дээр хатиг гарчихав. Гэрээгээр тоглож байгаа учраас өдөр өнжиж болдоггүй. Тэгээд багшаасаа нууж хатгин дээрээ таван салаа тавьчихаад, халуурвал эм уучихаад тоглоод байлаа. Нэг тоглолт дээр бүжиглэж байгаад эргээд суутал хатиг маань хагарчихсан. Тэгээд эмнэлэгт цэвэрлүүлээд, нэг хоног бүжиглэж болохгүй гэхэд нь “за” гэж хэлчихээд л орой нь тоглолтдоо орж байлаа. Ц.Сэвжид багш ч аялан тоглолтын үеэр Баруун Германд бие нь муудаад, ажил учраас яаж ч чадалгүй явсаар ардчилсан Германд нас барсан шүү дээ.
-Бүжигчид тайзан дээр алдаа гаргасан ч мэдэгдэлгүй өнгөрдөг “зальтай” байх хэрэгтэй юү?
-Алдсан ч гэсэн үзэгчдэд мэдэгдэлгүй, сандралгүй аргалаад өнгөрөх хэрэгтэй. Манай нэг бүжигчин “Хөдөө нутгийн залуус”-ыг бүжиглэж байгаад малгайгаа унагачихаад, буцаж суухдаа малгайгаа аваад хойш нь шидтэл эргэлдэж ирээд толгой дээр нь буучихсан байгаа юм. Нөгөөх чинь сандарч улайгаад үзэгчдэд “баригдчихсан” шүү.
-Та хошигнох дуртай юм аа?
-Магадгүй.
-Тэгвэл танд ямар бүжиг хамгийн ойр, дотно санагддаг вэ?
-“Чацуутан”, “Загасчин”, “Морьтой болоод завтайсан бол” гэх мэт жүжиглэлт, тоглолттой бүжгүүд ойрхон санагддаг. Нацагдоржийн зохиолоос сэ дэвлэсэн, Мэнд-Амарын хөгжим, гавьяат жүжигчин Долгорын дэглэсэн “Хи хи” гэж бүжгэнд эмэгтэй хүний дүр бүтээсэн. Инээж, аальгүйтсээр байгаад дуусдаг юм. Зарим хүн намайг танилгүй, эмэгтэй хүн бүжиглэсэн гэж бодсон гэнэлээ.
-Таны эхнэрийг Монголын хүүхдийн ордонд багшилдаг гэж сонссон. Та хоёр хэрхэн танилцсан бэ?
-Манай хүнийг Энхтуяа гэдэг. Хүүхдийн ордонд 34 дэх жилдээ ажиллаж байна. Бид Хөгжим бүжгийн дунд сургуульд байхдаа танилцсан. Миний хань ардын хөгжмийн багш мэргэжилтэй, “Аялгуу” гэдэг хамтлагтай. Өнгөрсөн жил бид хамтран Японд тоглолт хийсэн.
-Дөрвүүлээ нэг дор цуглавал танай гэр бүлийнхэн урлагийн тухай ярих уу?
-Бүгд л урлаг ярина. Дунд охиноо урлагийн хүн болгоог үй. Бүгд урлагийн мэргэжилтэй болчихвол хэн нь эрт ирж хоол хийх вэ дээ. (инээв) Охиноо Японд охидын сургуульд сургасан. Япон хэлний орчуулагч.
-Та бүжиглэхээс гадна хэр олон бүжиг дэглэсэн бэ?
-Анх драмын жүжгийн бүжиг дэглэж байсан. Түүнээс хойш Ц.Сэвжид багшийн нэрэмжит уралдаанд “Хөдөө талын хос чимэг” бүжгээр оролцож тэрг үүн шагнал хүртээд БНАСАУ-д болдог “Хаврын баяр”-т орол цож байсан. Мөн Улсын ардын дуу бүжгийн чуулгад Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” дуулалт жүжгийг тавихад бүжгийг нь дэглэж байлаа.
-Одоо ДБЭТ-т ардын жүжигчин Б.Жамъяндагва гуайн дэглэсэн “Үйлийн гурван толгой” балет тоглодог.
-Чуулгад дуулалт, эмгэнэлт бүжгэн жүжиг болгон Сүхбаатар найруулан тавьж байсан юм. ХБК-ийн багш болсноосоо хойш Н.Жанцанноровын Морин хуурын чуулгад зориулсан хөгжимд, 32 хүүхдийн бүжиг дэглэж, Дэлхийн бүжигчдийн өдрөөр Сүхбаатарын талбайд бүжиглүүлсэн. Одоо нэг буриад бүжиг дэглэчихээд байна. Багшилж байгаа учраас үргэлж бүжиг дэглэх тухай бодож, тууштай ажиллахгүй юм аа. Харин Даваахүү маань бүжиг дэглэж байна даа. Гэхдээ би хүүхдүүдээ “болж байна” гээд магтаад байдаггүй. Илүү сайжруулж, зөв голдирлоор нь уран бүтээлээ хийх хэрэгтэй л гэдэг.
Ж.СОЛОНГО