
Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 109 дүгээр ээлжит чуулган Швейцарын холбооны улсын Женев хотноо энэ сарын 7-нд эхэлжээ. Эл хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй гурван талын төлөөлөгчид цахимаар оролцсон байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эл хурлыг анх удаа цахимаар зохион байгуулж, 176 улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 3.900 орчим төлөөлөгч оролцжээ. Тэд цар тахлын үед олон улсын хөдөлмөрийн стандартын хэрэгжүүлэлт, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, хүн төвтэй ажил эрхлэлтэд чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог ирээдүйд бий болгох зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Тус чуулганыг энэ сарын 19 хүртэл 16 өдрийн турш зохион байгуулах гэнэ. Чуулганы дараах төгсгөлийн буюу үндсэн хэлэлцүүлгийг ирэх 11 дүгээр сард “Ур чадвар ба насан туршийн суралцах үйл ажиллагаа”, “Тэгш бус байдал ба хөдөлмөрийн ертөнц” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.