
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Орхон аймагт оршин суудаг Д.Энхтуяа гэх эмэгтэйд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр тус аймаг дахь ажлынхаа өрөөнөөсөө Хан-Уул дүүргийн нутаг, Нисэхэд үйл ажиллагаа “Улаан царам” гэх аж ахуйн нэгжийн цахим төлбөрийн баримтын системийн нууц дугаар, нэвтрэх нэрийг нь олж аван 27.6 сая гаруй төгрөгийн борлуулт хийсэн мэтээр 41 баримт хуурамчаар бүртгүүлсэн хэрэгт холбогджээ. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 26.1-2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээлэл нэмж оруулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр дээрх компанийн "e-barimt.mn"-д нэвтрэх нэр, нууц үгийг нь олж аваад 2020 оны нэгдүгээр сараас мөн оны долдугаар сар хүртэлх хагас жилийн хугацаанд бүртгүүлсэн 41 баримтынхаа буцаан олголтод 553 430 төгрөг өөрийнхөө дансаар авсан нь тогтоогдсон аж. Тиймээс түүнд хорих ял оноохгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шүүх шийдвэрлэлээ.