
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг долдугаар сарын 1-ээс цахимаар олгож эхлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалтын ажлыг гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлэв. Мөн барилгын салбарын мэдээллийн санд 7.060 аж ахуйн нэгж, байгууллага, 4.265 мэргэшлийн зэрэгтэй зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй инженер, техникийн ажилтан, 36. 302 инженер, 20.345 ажилтны мэдээллийг бүрэн байршуулж дуусгажээ.
Ажлын явцтай танилцах үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар цаашид цахимжуулалттай холбоотой программ, техникийн саатал гарах эрсдлийг тооцож, бэлтгэл ажлаа бүрэн хангах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө. Уг ажлын хэсэг нь “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-ийн цахим системийг хөгжүүлэх ажлын хүрээнд барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн мэдээллийн сангуудыг нэгтгэх, хоорондын уялдаа холбоог хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах үүрэгтэй аж. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, "Монголын барилгын үндэсний ассоциаци" төрийн бус байгууллагын төлөөллүүд багтаж байгаа юм.