
Нийслэлд оршин сууж буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган, шинээр барих ажлыг эхлүүлсэн талаар Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлэв. Тус ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан, хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцын зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах тухай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу төслийг хэрэгжүүлснээр өнгөрсөн удаад 531 айлын 27 орон сууцыг буулгаж,1.556 айлын 13 орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан байна.