
Энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын III хуралдааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус комиссын Монголын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Гадаад харилцаа, Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, шинжлэх ухаан, Соёл, Зам, тээврийн хөгжлийн, Эрчим хүчний, Батлан хамгаалах, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож, салбарын чиглэлээр хийх мэдээллийг танилцуулж, санал солилцсон юм.
Комиссын хуралдаанаар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг чухалчлан ярилцах аж. Уулзалтын үеэр сайд З.Мэндсайхан Монгол Улсын Засгийн газрын тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар ЗГХХК-ын III хуралдааны Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцэн дэмжсэн тухай болон Монгол, Италийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр товч мэдээлэл хүргэлээ. Мөн тэрбээр Комиссын хуралдааны үеэр танилцуулга хийх бэлтгэлийг сайтар хангаж чиглэлийг зарим зөвлөмжийн хамт өглөө.