
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахилгаан, дулааны мөнгийг төр хариуцах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Эл урамшууллыг ирэх сарын 1 хүртэл олгохоор болсон юм. Харамсалтай нь, цар тахлын нөхцөл байдал сүүлийн үед хүндэрч, халдварын тохиолдол өдөрт 2000-ыг давж бүртгэгдэх болсон. Үүнээс үүдэн зарим үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, танхимаар үйлчлэхийг нь хориглосон билээ. Хувийн хэвшлийнхнээс гадна иргэдийн санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед төрөөс олгож буй цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэн олгох, эсэх талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Баяржаргалаас тодрууллаа. Тэрбээр "Халдварын тохиолдол нэмэгдсэн ч цаашид хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараагүй байна. Тиймээс иргэдэд үргэлжлүүлэн хөнгөлөлт олгох боломжгүй. Манай яамны зүгээс хөнгөлөлт, урамшууллыг дахин олгох шаардлагагүй хэмээн үзэж байгаа. Цахилгаан, дулааны мөнгөний хөнгөлөлтийн асуудлаар ирэх сард манай яамнаас албан ёсны мэдээлэл хийнэ" гэв.