
Хөшигийн хөндий, Богдхан төмөр замын чиглэл дагуу хийх дэд бүтэц, зам тээврийг дагасан бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв болон нийслэлийн Газрын алба, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох албаныхан хуралдаж, санал солилцлоо. Хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндий, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэрт үүрэг өглөө. Тодруулбал, М.Буяндэлгэрээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах, 14 хоногийн хугацаанд дээрх асуудлаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах, газар дээр нь тооцоо судалгаа хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах чиглэлийг үүрэг болгосон байна.
Засгийн газраас Мандал өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй 174.78 километр Богдхан төмөр замын төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа юм. Богдхан төмөр зам нь нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болон Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх гэнэ.