
Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, хүнсний ногоо тарихаар төлөвлөсөн билээ. Тодруулбал, улаанбуудайг 368.3, төмс 17.9, хүнсний ногоог 9.6, малын тэжээлийг 66.5, тосны ургамлыг 40, жимс, жимсгэнийг 4.3, нийтдээ 527.8 мянган га талбайд тариалалт хийхээр зорилт тавин ажилласан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 536.6 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 104.5 хувьтай үргэлжилж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Үүнээс улаанбуудайн тариалалт 103.2, төмснийх 87.1, хүнсний ногооных 81.3, малын тэжээлийнх 57.7, тосны ургамлынх 164.2 хувьтай байгаа гэнэ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ний хүрээнд тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 316-д нь 38.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж.
Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан хүсэлт гаргасан 576 иргэн, аж ахуйн нэгжид 12.6 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30, 347.9 мянган литр шатахууныг 50, 43.3 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон талаар албаныхан мэдээлэв.