
“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал, “Дэлхийд тархсан монгол өв: гар бичмэл, архивын баримт” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулж буй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Монголын төр засгаас өөрийн түүх, соёлын өвийг сурвалжлан цуглуулах, хадгалан хамгаалах талаар олон чухал бодлогыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. 1921 оноос эхлэн Музейн тухай хууль бусад эрх зүйн баримт бичгүүдэд үндэсний түүх, соёлын ховор нандин дурсгалыг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, олон улсын байгууллага, сонирхогч орнуудтай хамтран ажиллах зэрэг үндэсний түүх, соёлын өвийн тухай олон харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтуудыг тодорхойлж өгсөн. Мөн 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр засгаас НҮБ-ын ЮНЕСКО-гийн баримтат өвийн жагсаалтад Монголын түүх, уран зохиолын ховор чухал дурсгал, нэр томьёоны толь бичгийн модон бар зэрэг хэд хэдэн чухал баримтуудыг тус тус амжилттай бүртгүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас үндэснийхээ соёлын үнэт өвийг хадгалах хамгаалах, дэлхийн соёлын өв санд бүртгүүлж, бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ уламжлан өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд хүн төрөлхтөний болон ЮНЕСКО-гийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх болсон нь монголчуудын хувьд нэгэн бахархал, бас хариуцлагатай, хүндтэй чухал үйл явдал гэдгийг онцлов.
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын түүх, нүүдэлчдийн уламжлалт соёлын улбаа, дэлхийд танигдсан монгол соёлын өвийг дотооддоо төдийгүй гадаад улс оронд түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар онцгой анхаарч цэгцтэй, системтэй бодлогын баримт бичгүүд хэрэгжүүлж эхэлснийг дуулгаад, хуралд оролцогч нарт амжилт хүслээ.
Хоёр өдөр үргэлжлэх “Дэлхийд тархсан Монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 8 орны эрдэмтэн судлаач 20 гаруй илтгэл тавих юм. Энэ үеэр хуралд оролцогч эрдэмтэн, судлаачид цаг үеэ олсон тэр дундаа Монголын түүх, соёлын дурсгалын талаар шүүн хэлэлцэж, тус улсын түүхийн судалгаанд хэрэглэгдэх, архивын сан хөмрөгийг баяжуулан зузаатгах маш үнэ цэнэтэй санал, зөвлөмж, дүгнэлтийг ажил хэрэгчээр ярилцаж зөвлөлдөх боломжийг олгосон, түүхэн үйл явдал болохуйц үр өгөөжөө өгсөн, чухал хурал болж байгааг сайшааж байв.