
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ЖАЙК"-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Тамүра Эриког өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг дагасан цогц бүтээн байгуулалтын асуудлаар санал солилцсон байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Монгол Улсын Засгийн газраас тус бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрвөн жилийн хугацаанд эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. Тэрбээр "Тус бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ өргөн учир холбогдох инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, судалгаа, эдийн засгийн хөшүүрэг, шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн паркийг дагаж бий болох ажлын байр, суурьшлын бүс зэрэг олон ажлыг сайтар судалж, холбогдох хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, олон улсын туршлагатай байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй" гэдгийг онцоллоо. Харин
Суурин төлөөлөгчийн зүгээс “ЖАЙКА” тус бүтээн байгуулалтад хамтран ажиллаж техникийн болон ажил хэргийн уулзалтуудыг зохион байгуулж, цаашид хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн байна. Талууд газар хөдлөлтийн эсрэг барилга байгууламж, нийтийн аж ахуйн бохир усны менежментийг сайжруулах, мөн барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй менежментийг сайжруулах зэрэг техник хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, бодит ажил болгон хэрэгжүүлэх тал дээр харилцан санал нэгдлээ.