
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр болж, өндөрлөлөө. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн өнөөгийн төлөв байдал, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан баялаг бүтээх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хүрээнд энэхүү салбар зөвлөлийг байгуулжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-94 дүгээр тушаалаар тус зөвлөлийг шинэчлэн байгуулсан бөгөөд нийт 22 гишүүнтэй, эрдмийн зэрэг цолтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх эрдэмтдийн төлөөллөөс бүрддэг аж.
Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн 21 бүтээлээс шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлж нийт гурван багийн бүтээлийг шалгарууллаа.