
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэх газар Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг 20.40 цагт замын хажуу руу унасан тухай дуудлагыг өчигдөр 21.45 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 километр замыг туулан 02.38 цагт очиход бороо орж, төмөр замын ул шороо угаагдсанаас үүдэн зам эвдэрсэн байжээ. Тодруулбал, Салхитаас Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар километрт ачааны есөн галт тэрэг осолдсон гэнэ. Галт тэрэгний есөн вагоны долоо нь дизель түлш, тус бүр нэг нь элс, болон масло ачиж явсан бөгөөд гурвынх нь түлш асгарсан байжээ. Осол гарсны дараа буюу өнөөдөр 00.55 цагт Улаанбаатар Төмөр замын зургаан галт тэрэг 46 алба хаагчтай газар дээр нь очжээ. Одоогоор Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, найман техник хэрэгсэлтэйгээр ослын газарт ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.