
Өмнөх ангиуд нь амжилтад хүрч, олон сая үзэгчдийг байлдан дагуулсан дэлхийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор багтдаг "Aquaman2", "John Wick 4", "Knives Out 2" киноны зураг авалт өнөөдөр эхэллээ. Эдгээр кинонуудын өмнөх ангиуд нь олон сая үзэгчдийн таашаалд нийцэж, өндөр амжилт үзүүлсэн билээ.
Тодруулбал, найруулагч Райн Жонсын ээлжит уран бүтээл болох "Knives Out" кино нь 2019 онд нээлтээ хийж, шилдэг бүтээл хэмээн нэрлэгдсэн билээ. Эл кино АНУ-ын кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд 40 сая ам.долларын төсвөөр бүтэж, 309.2 сая ам.долларын ашиг олсон юм. Уг кинонд "Ахмад америк" киноны Крис Еванс, "Жемс Бонд" цувралын Даниел Греиг, "Blade Runner" киноны Ана де Армас, "13 reasons Why" киноны Катерини Ланпорд, "500 Days of Summer" киноны Жосел Гордон Левит нарын алдартай жүжигчид тоглосон билээ.

Харин "Aquaman and the Lost Kingdom" киноны өмнөх анги толгой эргэм амжилтыг үзүүлсэн гэдгээрээ кино урлагийн ертөнцөд нэлээд алдартай. “Warner Bros” компанийн уран бүтээл “Aquaman” нь супер баатрын тухай кинонууд дундаас хамгийн их ашиг олсон киногоор шалгарсан удаатай. Уран бүтээлчдийн мэдээлснээр киног хийхэд 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулсан хэмээжээ.

Тэгвэл “John Wick” цувралын эхний анги 2015 онд анх олны хүртээл болсон бөгөөд 2017 онд “John Wick Reload”, 2019 онд “John Wick 3: Parabellum” нээлтээ хийсэн билээ. Тус цувралын нэгдүгээр анги 86, хоёрдугаар анги нь 171.5, гуравдугаар анги нь 326,7, нийт 584.2 сая ам.долларын орлого олсон билээ.
