
-Шөвгийн 16-гийн шилмэл тоглолтуудын тойм-
Энэ удаагийн Европын АШТ-ий эхнийхасагдах шат өндөрлөж, шилдэг найман баг тодорлоо. Дэлхийн аварга, Европындэд аварга Франц, Европын аварга Португал зэрэг топ түвшний багууд хасагдсан шөвгийн 16-гийн тулаануудыг тоймлоё.
АНХНЫ БУТ НИРГЭЛТ
- Дани - Уэльс 4:0
Гол тоглогч К.Эриксенд тохиолдсон харамсалтай үйл явдал, хоёр дараалан хожигдсныхоо дараа Данийн баг “Евро-2020”-ийн хоёр дахь том ялалтаа байгууллаа. ОХУ-ын багийг 4:1-ээр бут ниргэсэн К.Хьюлмандын залуус Уэльсийн хаалгыг дахин дөрвөн бөмбөгөөр “бөмбөгдөв”. К.Дольберг хоёр гоол оруулж багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ.Харин Уэльсийн багийн лидер Г.Бэйл тоглолтын дараа өгсөн ярилцлагынхаа үеэр шигшээдээ үргэлжлүүлэн тоглох, эсэх асуултад хариулсангүй. Гэвч дараахан нь 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтуудад оролцоно гэж мэдэгдлээ.
АНХНЫ НЭМЭЛТ ЦАГ
- Итали - Австри 2:1 (н.ц)
Хэсгийн гурван тоглолтоо торохгүй давсан италичууд хасагдах шатны эхний шалгалтдаа “бүдрэх” дөхөв. Австрийн баг тэдэнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж, үндсэн цагт хожих боломж олгоогүй төдийгүй тооны харьцаа 0:2 болсон ч бууж өгөхийг хүсээгүй юм.
Тоглолтын эхний гоолыг оруулсан Ф.Кьеза түүхэнд оров. Учир нь аав, хүү хоёр гоол оруулж байсан тохиолдол “Евро”-гийн түүхнээ өмнө нь байгаагүй. Федерико-гийн аав Энрико 1996 онд буюу хүүгээ төрөхөөс нэг жилийн өмнөх Европын АШТ-д гоол оруулж байжээ. Италийн баг 1168 минутын турш хаалгандаа гоол алдалгүй тоглож, дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэд мөн 12 тоглолт дараалан хожоод байна.
АНХНЫ ДУУЛИАН
Нидерланд - Чех 0:2
Итали, Бельгийн адилаар хэсгийн бүх тоглолтдоо ялсан багийн нэг нь Нидерланд. Гэвч шөвгийн 16-д тэднийг ээлжит бүтэлгүйтэл нь хүлээж байсан аж. Тодруулбал, “Улбар шарууд” хамгийн сүүлд 2004 оны Европын АШТ-ий хасагдах шатанд ялалт байгуулсан “хар түүх”-ээ үргэлжлүүлэв.
Харин Чехийн баг М.де Лигтийг хөөгдсөний дараа тоглолтыг өөрсдөдөө ашигтайгаар шийдсэн юм. Түүнийг гараараа бөмбөгт хүрснийх нь төлөө шүүгч С.Карасев шар хуудас өгсөн ч бичлэг үзсэний дараа шийдвэрээ өөрчлөн улаан хуудсаар “торгосон”. Үүнээс хойш Нидерландийн баг эсрэг багийн хаалга руу нэг ч оновчтой цохилт хийж чадаагүй бол өрсөлдөгч нь харин хоёр бөмбөг оруулав.
ЕВРОПЫН АВАРГУУД ХАСАГДАВ
- Бельги - Португал 1:0
Хэсгийн тоглолтууд нь олигтой сэтгэг-дэл төрүүлээгүй дэлхийн чансааг тэргүүлэгч Бельги болон аварга цолоо хамгаалагч Португалийн багийн тулаан нь шөвгийн 16-гийн хамгийн сонирхолтойд тооцогдож байлаа.
Гэвч бельгичүүд тун тооцоотой, үр дүнтэй тоглож, Т.Азарын цорын ганц гоолоор хожсон юм. Хэдий тэд хожсон ч эсрэг багтаа гоол оруулах олон боломж олгосноос гаднg К.де Бройн, Э.Азар хэмээх хоёр лидер нь гэмтэж, талбайг орхисон тааруу мэдээтэйгээр тоглолтыг дуусгав.
Португалийн шигшээ 2016 онд гурван даа тэнцээд хасагдах шатанд шалгарч, үндсэн цагт ганцхан ялсан хэрнээ аваргалж байсан. Харин энэ удаад хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн нь тэдэнд өмнөх шиг аз авчирсангүй. Португалчуудын хувьд нэг сайн мэдээ нь багийн лидер К.Роналду “Евро-2020”-д хэд хэдэн дээд амжилтын эзэн болов. Тэрбээр эл тоглолтын дараа Р.Лукакутай тэврэлдэж, хаалгач Т.Куртуад “Азтай байлаа, та нар. Бөмбөг танай хаалганд орохыг огт хүссэнгүй. Амжилт хүсье” гэж хэлжээ.
ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ҮДЭШ
- Испани - Хорват 5:3 (н.ц)
Энэ удаагийн тэмцээний хамгийн шилдэг (одоогоор) тоглолт төдийгүй тивийн АШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглолтын нэг нь энэ байлаа. Тоглолтын эхний гоолыг Испанийн Педри өөрийн хаалганд оруулснаар “Евро-2020”-д нийт есөн автогоол бүртгэгдэв. Европын АШТ-ий түүхэнд тоглогчид эсрэг бус өөрийн багаа ийм олон ЕВРО-2020 удаа “хорлож” байсан түүх үгүй.
Энэ гоолын дараа Л.Энрикегийн баг тоглолтын санаачилгыг гартаа авч, 3:1-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Гэвч Л.Модрич, М.Пашалич нарын гаргуун тоглолт нь хоёрдугаар хагасын төгсгөлд тооны харьцааг 3:3 болгож тэнцүүлэв. Нэмэлт цагт хаалгач У.Симон багаа хэд хэдэн удаа аварсан бол багийн андууд нь нэмж хоёр гоол оруулснаар шөвгийн наймд үлдлээ. Испанийн баг хоёр тоглолт дараалан таван гоол оруулав.

БАЯРТАЙ, ДЭЛХИЙН АВАРГУУД
- Франц - Швейцар 3:3 (т.ц 4:5)
Бас нэгэн “галзуу” тоглолт. Швейцарын баг хоёрдугаар хагасын эхэнд хоёр гоолын илүүтэй хошуучлах боломжоо алдсан төдийгүй дөрвөн минутын дараа хаалгандаа бөмбөг алдав. Р.Родригесийн торгуулийн цохилтыг хаалгач Х.Ллорис хаасны дараа К.Бензема гурван минутын дотор дубль оруулав. Үүн дээр П.Погбагийн гоолыг нэмэх хэрэгтэй. Гэвч тэд тоглолтын сүүлийн есөн минутад хоёр гоол алдан, тоглолтыг тэнцээгээр дуусгасан юм. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад багийн лидер К.Мбаппе багаа хөөдөв. Түүний цохисон бөмбөгийг Я.Зоммер барьж авсан юм. “Хасагдсандаа маш их харамсаж байна. Бид зорилгодоо хүрсэнгүй. Пенальти алдсандаа уучлалт гуйя. Багтаа туслахыг хүссэн ч чадсангүй” хэмээн К.Мбаппе ярьжээ.
ҮХЛИЙН ХЭСЭГ
- Англи - Герман 2:0
Хоёрдугаар үед бүх зүйл шийдэгдсэн хоёр багийн тулааныг амаргүй гэж хэлж болохоор. Р.Стерлингийн тус тэмцээнд оруулсан гурав дахь гоол, Т.Мюллерийн итгэмээргүй бүтэлгүйтэл, Х.Кэйний мөргөлтийн үр дүнд Г.Саутгэйтийн залуус заналт өрсөл дөгчөө буулгаж авсан юм. Түүнчлэн тэд “Евро-2020”-д нэг ч гоол алдаагүй хэвээр.
Эл тоглолтын дараачаар “үхлийн хэсэг”-ээс шалгарсан бүх баг шөвгийн 16-д бүдрэв. Харин Бундестимийг 15 жил удирдсан Й.Лев хоёр том тэмцээнд тааруу амжилт үзүүлээд ажлаа өгч байна.
УКРАИНЧУУД “ЦООРОВ”
- Швед - Украин 1:2 (н.ц)
Хэсгийн сүүлчийн тоглолтод Польшийн багт ялагдаагүй учир шведчүүд Украины багийг хасагдах шатанд шалгарахад нь “тусалсан” гэж болно. Хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн А.Шевченкогийн баг үүний ачаар шөвгийн 16-д шалгарсан бөгөөд өрсөлдөгч нь өнөөх “ачтан” болох Швед байв. Гэвч тэд ачийг бачаар хариулж, нэмэлт цагт скандинавчуудыг буулгаж авлаа. 2006 онд А.Шевченко тэргүүтэй Украины баг ДАШТ-ий шилдэг наймд үлдсэн бол энэ удаад А.Шевченкогийн дасгалжуулсан украинчууд тивийнхээ шилдэг найман багийн нэг боллоо.