
Манай улсын мал эмнэлгийн салбарын чадварыг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, сургалт явуулж, гарын авлага боловсруулах, амьтны эмнэлэг байгуулах төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд мал, амьтны эмнэлэг барихаар болсон бөгөөд өнөөдөр барилгын шав тавих ёслол боллоо. Энэ хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд мал, амьтны эмнэлэг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангана хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Ингэснээр дээрх сургуулийн багш нар БНСУ-ын мал эмнэлгийн нарийн мэргэжлийн профессоруудаас зөвлөгөө авч, хамтран ажиллах аж.
Мал эмнэлгээс гадна төслийн санхүүжилтээр 25 хүний суудалтай автобусыг манай улсад нийлүүлэх бөгөөд бакалаврын оюутны сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг амжилттай зохион байгуулахад ашиглах гэнэ. БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй уг төсөл 2023 он хүртэл үргэлжлэх юм.