
Япон улсын Токио хотноо ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 05-ны хооронд зуны XVI паралимпийн наадмыг зохион байгуулах билээ. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор найман эрхтэй боллоо. Тодруулбал, пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 килограммд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг "IBSA" хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбат оролцох болсныг Олон улсын паралимпийн хорооноос баталгаажуулжээ. Тэрээр жиндээ дэлхийн чансааны VII байрт эрэмбэлэгдэж байна. Ингэснээр манай улсын тамирчид "Токио-2020" паралимпийн наадамд зургаан төрлөөр найман хүн оролцох эрхтэй болов. Маргааш Чехийн Ново Место хотноо паралимпийн эрх олгох пара байт харвааны тэмцээн эхлэх юм. Энэ нь паралимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно.