
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Европын Холбооны санхүүжилтээр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM)” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт төслийн хугацаа дуусаж, өндөрлөлөө.
2018 оны гуравдугаар сараас хойш гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эл төслийн хүрээнд мах, сүү, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн салбарын үнэ цэн, бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, малчдын хоршоод, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, судалгаа, хөгжлийн байгууллагуудыг чадавхжуулах ажлыг хийжээ. Төслийн хүрээнд 12.000 гаруй малчин, ногоочин, 80 гаруй боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллаж, 2.200 ажлын байрыг бий болгосон гэнэ.
Уг төслийн дүгнэлт уулзалтыг энэ сарын 1-нд цахимаар зохион байгуулсан бөгөөд ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, Европын Холбооны Элчин сайд Траяан Христеа, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч хатагтай Тони Лим, тус байгууллагын Хүнсний тогтвортой системийн хэлтсийн дарга ноён Али Бадарне зэрэг удирдлагууд, үндэсний болон олон улсын нарийн мэргэжлийн экспертүүд, төсөлд хамтран ажилласан түнш байгууллагууд болон харилцагчид оролцсон байна.